12.18

Хөрөнгийн зах зээлд шинэ ”тоглогч” мэндэллээ

-Үнэт цаасны зах зээлд “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн “шошго”-той бараа худалдаанд гарлаа-

“Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компанид шинэ үүд нээгдлээ. 900 гаруй үндэсний хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн тус компани хөрөнгийн зах зээлд гарч, нээлттэй компани болов. Ингэснээр “Жинст Увс” нээлттэй хувьцаат компанитай нэгдэн нийлж, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаагаа нээснээр хоёрдогч зах зээлийн босгоны өмнө ирлээ. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг эртнээс татсан шинэ “бүтээгдэхүүн” ийнхүү мэндэлж, үнэт цаасны зах зээлд “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн “шошго”-той бараа худалдаанд албан ёсоор гарч байна. 

Шинэ оны босгон дээр Хөрөнгийн бирж хөрөнгө оруулагчдад санал болгох “бүтээгдэхүүн”-ний тоогоо нэгээр нэмлээ. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2011 оны эдийн засгийн өндөр өсөлттэй үе рүү ойртсон үед “Хөрөнгө оруулагч үндэстэн”  урвуу нэгдэл буюу Reverse takeover хэлцэл хийж, хувьцааны зах зээлд өөрсдийн “туг”-аа хатгав. Урвуу нэгдэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анхны тохиолдол болж, шинэ хуудас нээж байна. Сүүлийн үед компаниуд нэгдэн нийлэх үйл явц идэвхжиж, улам хүчирхэгжих алхмаа тавих болсон. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн долоо орчим хувийг эзэмшдэг "Хөрөнгө оруулагч үндэстэн" компани хөрөнгийн зах зээлд “хөл”-тэй боллоо. 

Компанийнхаа нэгж хувьцааны дотоод үнэлгээг хоёр жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй хувиар өсгөсөн “Хөрөнгө оруулагч үндэстэн” ном журмынхаа дагуу бүхий л шаардлагыг хангаж, дараа дараагийн олон компанид шинэ жим гаргалаа. Хөгжиж яваа зах зээлд цахиур хагалах ирээдүйтэй компаниудын тоонд хэдийнэ багтсан “Хөрөнгө оруулагч үндэстэн”-гийн гүйцэтгэх захирал Б.Тамир “Бидний хүсэлтийг хүлээн авч, нийт хувьцаа эзэмшигчдийн  хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, бидний цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье” гэв. Энэ үйл явдалтай зэрэгцээд “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьцааны ханш ялимгүй өсөж, худалдан авах захиалга ирсэн байна. 

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжилд шинээр төрөн гарч буй компаниуд чухал үүрэгтэй. Тэд л энэ зах зээлийг урагшлуулна гэсэн итгэл үнэмшил олон нийтийн дунд улам бэхжиж байна. Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөж буй компаниудыг харвал үүсгэн байгуулагдаад хэдхэн жилийн нүүр үзэж буй шинэ “тоглогч”-ид оройлох болов. “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьд мөн адил хамгийн залуу гэсэн тодотгол зүүнэ. Цаашид “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтран Монголын банк санхүүгийн салбарыг дэлхийн цахим хувьсгалд хамруулах зорилготой ажиллаж байгаагаа “Хөрөнгө оруулагч үндэстэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг тэмдэглэсэн юм. 

Тэрбээр “1991 оноос хойш мөрөөдсөн нэгэн ажил маань өнөөдөр биеллээ оллоо. Би өөрийн байгуулсан компаниа ард иргэддээ нээлттэй зах зээл дээр санал болгохыг мөрөөдөж ирсэн. “Хөрөнгө оруулагч үндэстэн” нээлттэй компани болж, жирийн иргэд санхүүгийн нэгдэл компаниа эзэмших боломж олгосон томоохон үйл явдал болж байна” хэмээн тодотголоо. 

Хөрөнгийн зах зээлийн идэвхжил ийнхүү сэргэж, шинэ “бүтээгдэхүүн”-ий тоо олширч эхлэв. Тэрчлэн ухаантай хөрөнгө оруулагчдын сонголт хөрөнгийн зах зээл болж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Хоёр компанийн урвуу нэгдэл хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоолоо. Энэ онд хөрөнгийн бирж дээр дотоодын аж ахуйн нэгжүүд хувьцаагаа гаргаснаар зургаан жил тасралтгүй буурч байсан үзүүлэлтийг өсөлтийн зүг эргүүллээ” хэмээн онцолсон юм. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн оргил өөд тэмүүлэх аян үргэлжилсээр. Хөрөнгийн зах зээлийн оргилд нь тугаа мандуулах эрмэлзэл тээсэн энэхүү компани Монголын санхүүгийн зах зээлд тод мөрөө үлдээж, шилдгүүдийн эгнээнд бичигдэх гарааныхаа салхийг хагаллаа. Улсаараа хөрөнгө оруулагч үндэстэн болох тэр цагийг ойртуулах гэж бэлгэдсэн "Хөрөнгө оруулагч үндэстэн" цөөн хэдхэн хүний өмч бус олон монголчуудад ашиг, өгөөж авчирсан үндэсний хэмжээний хувьцаат компани болох амбийц өвөртөлжээ. Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ хүч өрсөлдөөн ширүүсэж буй энэ талбарт өөдрөг үзлийн үр суулгасаар, соёолж байна.  

Эх сурвалж: http://bayartogtokh.blogspot.com/2017/12/blog-post_17.html