Манай улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд татвар нэмэхээр болсон. Үүний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хувь хүний орлогын түвшингээс хамааран ХХОАТ, НДШ-ийг үе шатлалтайгаар нэмэгдүүлж байна.
Тодруулбал, 1.5 сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн албан татварыг 15-25 хувь болгож нэмэх юм. Харин 1.5 сая хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.
Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногдуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:
2018 онд 120,000,
2019 онд 160,000,
2020 онд 200,000,
2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна. 10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм.
Харин Нийгмийн даатгалын шимтгэлийн иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.
Н.Заяа
http://www.zaluu.com/read/1dc78c9g4