Харь нутгийг чиглэсэн монголчуудынхаа урсгалыг яах вэ. Бид ямар ямаа шигээ олуулаа биш. 30 гаруй жил хүлээж байж гурван саяын босгыг давлаа. Тэгээд ч Монголд хүн хүчний олз гэхээсээ гарз нь илүү байна. Харь газар амьдрал хөөн одож, тэгээд тэндээ он цагийн эрхээр чимээгүйхэн шингэж байгаа олон монголчууд бий.
Хэн байхаасаа үл хамааран эх орны нэг иргэн гэдэг энэ улсдаа үнэ цэнэтэй. Аргатайдаа бус амьдрал хөөн алс газар одож байгаа тэднийг буруутгах арга байхгүй, бас зөвтгөж зөвшөөрөөд байх бүр ч хэцүү. Хүнээ тогтооё гэвэл эдийн засгаа хөгжүүлж, Монголоо улс шиг улс болгох ёстой.
Монгол хүний хөл тавиагүй орон зай энэ бөмбөрцөгт багахан үлдэж байгаа бололтой юм. Албан бус мэдээллээр дэлхийн 140 оронд 250 гаруй мянган монгол иргэн байгаа аж. Харин албан ёсны гэх тоо баримтаар бол 80 гаруй оронд 100 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа гэх. Аль нь ч байлаа гэсэн асуудлын гол нь тоондоо бус. Нэгэн цагт дэлхийг морин туураар тамгалж явсан монголчуудын хойч үе хүний нутагт бусдын тогоо өнгийж байгаа нь гунигтай явдал.
Харь газар диваажин биш ч, тэнд илүү боломжтой амьдрал, ахиу цалин хөлс байгаа болохоор эх орноо гэх тэмүүлэл, эргээд ирэх хүслээс нь хотолж хэтэлдэг байж таарна. Тэгээд он цагийн эрхээр эх орон нь улам алсарч, хүний хүн болж тэндээ үлдэнэ. Ингэж тэд тэндэх амьдрал, тэр орон газарт чөдөрлөгдөх авай.
Амьдрал юм болохоор ам бүл тэлж, үр хүүхэд төрж, монгол улсын иргэн тэнд бүл нэмж байвч эх орондоо иргэншээгүй иргэн маань “Монгол” гэсэн бүдэгхэн дурсамжтайгаар харь хүн болно.
Харь газар диваажин биш ч, тэнд илүү боломжтой амьдрал, ахиу цалин хөлс байгаа болохоор эх орноо гэх тэмүүлэл, эргээд ирэх хүслээс нь хотолж хэтэлдэг байж таарна.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүд тухайн орныхоо иргэн болох нь түгээмэл байгааг холбогдох байгууллагынхан нотолдог. Аав ээжүүд нь ч ялгаагүй үр хүүхдээ дагаад Монголын харъяаллаас гардаг аж. Ийн бид эх орны иргэнээ “алдсаар” байна. Малынхаа гарзыг тоо толгойгоор нь тооцдог байтлаа иргэнийхээ гарзыг тооцдоггүй, тоодоггүй ийм л төр засагтай улс, бид.
Монголчуудын хувьд хүн гэдэг эрхэм баялаг. Тэр үнэт баялаг болсон иргэнээ хүнийшхээс нь өмнө эргэж эх оронд нь авчрах төрийн бодлого илт үгүйлэгдэж байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Зөгийн үүр” хөтөлбөр эхлүүлсэн нь сайшаалтай ч асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ болж чадаагүй. Эргэж эх оронд нь суурьшуулахаас илүүтэй тэдний мэдлэг чадварыг ашиглах талдаа түлхүү анхаарсан хөтөлбөр болсон гэх юм билээ. Тэгээд ч бас мартагдаж эхэллээ.
Малынхаа гарзыг тоо толгойгоор нь тооцдог байтлаа иргэнийхээ гарзыг тооцдоггүй, тоодоггүй ийм л төр засагтай улс, бид.
Хүний үнэ цэнэ гэдэг уг нь ийм биш юм сан. Эх орондоо амьдарсаны нэмэгдэл урамшуулал иргэддээ өгдөг улс орон нэг бус. Монгол ямар ийм мөнгөтэй биш, ингэхээ байг гэхэд хууль эрх зүйн зөв бодлогоор тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй байх боломж бий.
Хууль эрх зүйн талаасаа үгүйлэгдэж байгаа асуудал бол иргэдээ давхар харъяалалтай болгох төрийн зохицуулалт шаардлагатай байгаа юм. Энэ тухай олон жилийн өмнөөс яригдсан, хэвлэл мэдээллээр дахин дахин сөхөгдсөн, “танил” сэдэв гэдгийг уншигчид санаж байгаа байх. Давхар харъяалал уг нь дэлхийн олон оронд мөрдөгдөж байгаа, сайн муу тал нь шигшигдсэн, бэлээхэн идэж болох “халуун будаа”. Гэтэл манай улс иргэний давхар харъяаллын талаарх хууль эрх зүйн орчинг санаачилж шийдвэрлэхээсээ илүүтэйгээр үгүйсгэж, хойш тавьсаар ирсэн байх юм. Үүний үр дагавар нь эх орны олон иргэдээ гадаадын харъяат болгож, гэм зэмгүй “хөөсөн” явдал.
Давхар иргэншлээ байг гэхэд гадаадын харъяат болсон монголчууддаа эх орондоо ирэх 5.10 жилийн олон удаа орж гарах виз олгож, үнийг хөнгөлөх наад захын боломж бас бий. Дэлхийн олон улс гадаадад байгаа үндэстэн нэгтнүүддээ ийм боломж олгодог гэх юм билээ. Эрж хайвал энэ мэтээр асуудлыг зөөлрүүлэх, хөнгөлөх арга зам үй түм баймаар санагдах юм.
Хүн шиг амьдрах хүсэл өвөрлөн харийг зорьж байгаа иргэдийнхээ араас сүү өргөдөггүй юмаа гэхэд хадаг барьж угтах ухааныг Монголын төрийн ой санамжид суулгамаар байна.