Монгол Улсын Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч албан татвараа төлөх шинэчилсэн журмыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан билээ.
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10- наас зохион байгуулсан бөгөөд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болоод авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Жолооч таны автомашины улсын дугаар 5, 0 тоогоор төгссөн бол энэ сард авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө. Хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой байдаг аж.