01.09

Санаад байна, ээж ээ

Ц.Отгонбаатар Ц.Отгонбаатар  хуудаснаас

Уураг цагаан сүүг тань тагнайд амтагдтал үгүйлж

Ухаан суулгасан сургаалийг тань тархи тэмтэртэл ганцаардаж
Хошуу дэвссэн хайранд тань зүрх чангаатал тэмүүлж
Хорвоод санаж яарах ээжтэйдээ би баярладаг

Болохгүй бүхнийг болгож чаддаг та минь яг шидтэн шиг
Борви бохисхийх чөлөөгүй тушаал авсан ээлжгүй мөнхийн харуул шиг 
Ганцхан дээлээрээ насаараа гоёчихоод бүтэн юм шиг баярладаг 
Гарцаагүй миний ээж хүн дүрсэнд хувилсан бурхан юм билээ

Тэнгэрийн дайтай ухаан асгаж тэрүүндээ намайг цатгадаг
Тэнгисийн дайтай уярал цутгаж тэрэнд нь би нялхардаг
Галын бурхантай насаа хувааж өтөлсөн ээжийгээ
Гарцаагүй мөнх юм шиг эндүүрсэн би их тэнэг юм билээ

Дээлний тань энгэрийг элэгдтэл эрхэлсэн
Дэрсхэн хүү чинь санаад байна ээжээ
Дүүрэн хайраар тань жаахан дутахдаа
Дүүлэн ниссээр л очмоор байна тандаа

Дэргэд тань байхдаа хүү нь дэндүү жаргадаг шүү ээж минь 
Дэвссэн хайранд тань үр нь бүтэн амьдардаг шүү бурхан минь
Сайхан ээж минь сэтгэлтэй сүүтэй бурхан минь
Санахын их жаргалаар санаж л сууна хүү нь таныгаа

Хиргис Цогоо Отгонбаатар
2018.01.03