01.12

Утаагаар бизнес хийсэн Н.Алтанхуяг, Э.Бат-үүл нарт хариуцлага тооцъё

Сэтгүүлч: З.Батхуяг

2017 оны сүүлч, 2018 оны эхнээс эхлээд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч гээд шийдвэр гаргах түвшиний бүхий л хүмүүс УТААГААР амьсгалж, утаагаар улс төр хийж, утаагаар бизнес хийж байна... Төрийн тэргүүний зүгээс “2004 онд намайг гишүүн болоход л утааны тухай ярьж байсан. 2018 онд төрийн тэргүүн болоход хэвээрээ л байна. Энэ жил утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах талаар арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд нь маск зүүн гангарч, маск ч авч чадахгүй иргэдээ даапаалан гэр орноо кордан цаасаар гэрээ дулаалахыг шаардаж популизм хийж явсан удаатай.

УИХ-ын дарга нь төрийн ордонд технологийн үзэсгэлэн гаргаж, УИХ-ын нэр бүхий гишүүдээр ажлын хэсэг гаргаж утааны голомтод очиж ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрэхийг даалгасан юм. Утааны асуудалд УИХ-ын гишүүд төдийгүй хувийн хэвшлийнхэн ч бас анхаарал хандуулж “Утаагүй Улаанбаатар” форумыг зохион байгуулав. Утааны эсрэг аав ээжүүдийн нэгдэл хүртэл жагсаал цуглаан хийж, хотын захиргаа, Засгийн газарт шахалт үзүүлсээр байна. Энэ мэт олон зүйлийг хийж хэрэгжүүлж байгаач тодорхой шийдэл, үр дүнд хараахан хүрэхгүй л байна. Сүүийн 15 жилийн хугацаанд төр засгаас утаа, агаарын бохирдлын эсрэг нийт төсөл хөтөлбөрт 150 орчим тэрбум төгрөг, 100 гаруй сая долларын гадны зээл тусламжийг зарцуулсан гэсэн мөнгөн дүн байна. Гэв ч үр дүн байхгүй.

Ардчилсан намын Засгийн үед буюу Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн Засгийн газар”-ын үед агаарын бохирдлыг бууруулахын тулд “УТААГҮЙ ЗУУХ”, “Нүүрс” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Утаа бага гаргадаг, хорт утаа ялгаруулдаггүй “Дөл”, “Өлзий”, “Хас” зэрэг нэр төрлийн зуухийг гаднаас захиалан оруулж айл өрхүүдэд төрөөс 90 хувийн үнийг нь дааж олгосон. 325 мянган төгрийн зуухыг 35 мянгаар худалдан авах боломжийг бүрдүүлж энэ хүрээнд 176 мянган зуухыг тарааж 220 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан.  Гэвч энэ нь агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ биш Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон хотын дарга асан Э.Бат-Үүл нарын хамтарсан бизнес байсан гэдгийг өнөөгийн эрх баригчид, Төрийн тэргүүнтэйгээ санаа нийлэн буруутгаж байна. Дээрх эрхмүүдэд хариуцлага тооцох тухай яриа ч төрийн ордонд хүчтэй яригдаж байна.

"Улсын төсвийн 220 орчим тэрбум төгрөгөөр Германаас нийлүүлсэн 176 мянган утаагүй зуух яг үнэндээ үр дүнгээ өгсөнгүй. Тэр зуух утаа, агаарын бохирдол ихтэй бүсэд, яг зорилтод эзэндээ бус хотын гадна үйл ажиллагаа явуулдаг амралт сувиллын газар, жуулчны бааз, баячуудын хувийн хаусанд худалдаалагдсан. Бид өмнөх шиг зуух тараахгүй" гэдгийг Хотын орлогч Б.Батбаясгалан ярьсан юм. Утаагүй зуухны үлгэр дөнгөж намжингуут хотын гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээ хэт өндөр үнэтэй байна гэж үзээд Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Багануурын нүүрсээр бизнес хийв. Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх ял эдлэж энэ хөтөлбөр үр дүнгүй байсан гэдгийг илтгээд амжив. Харин МАН-ын засаг гарч ирээд овоо дорвитой ажил хийсний нэг нь гэр хорооллын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн явдал байв. Үүнийг олон нийтийн зүгээс утаагүй зуухнаас илүү дэмжиж байгаа нь сайшаалтай зүйл юм.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр, серсвис центэр, түрээсийн орон сууц гэх цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулсан ажилд иргэд тийм ч идэвхтэй биш ч боломжтой, сэтгэлтэй нь орон сууцанд орж л байна. Гэхдээ өнөөдөр нүүрс ч авч чадахгүй дугуйны хаймар, өрөөсөн гутал, хог, хуванцар зэргийг түлж оройн хоолоо хийдэг нэн ядуу, арчаагүй айл өрх олон байгаа  гэдэгтэй Ерөнхий сайд эвлэрч, яг тийм нэн ядуу өрхөд зуух тараана гэж Байгаль орчны сайд нь хэллээ... Ориг зуух тараагаад ч утаа арлихгүй бол Н.Цэрэнбат сайдтай ч бас хариуцлага тооцно шүү дээ... Утаагүй зуух гэж иргэдийг хуурч, төрөөс их хэмжээний мөнгө завших ажлыг эхлүүлсэн Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, энэ төслийг гүйцэтгэж тараасан Улаанбаатар хотын дарга асан Улсын баатар Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер Т.Бадрал болон УИХ- гишүүн Л.Эрдэнэчимэг нарт хариуцлага тооцъё. Энэ хүмүүс л анх утаагүй зуух гэгч утаа үйлдвэрлэгч, бизнес тэтгэгчийг санаачилж, УИХ-р төсвийг нь батлуулсан шүү дээ...

Эх сурвалж: www.ulsturch.mn