01.12

Уулын буга хараад унасан морио битгий мартаарай

Аян замын тэмдэглэл

Хөшигийн нисэх онгоцны буудал хүрэх аян замын уртад өнгөрсөн цаг үеэ дурсан санаж анх 1980 оны эхээр Монгол телевизээр нийслэлд шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг мэдээлж байсан нь 30 гаруй жилийн түүхтэй одоогийн Буянт-Ухаа дахь олон улсын буудал байж билээ.

Энэ буудлын өрхийг нь татаж галыг нь асааж байсан удирдах ажилтан бидний зорчигчоо дээдэлсэн үйлчилгээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангахад үр дүнгээ өгч байсан ажил түүх болон үлдсэнийг санан, тэр үеийн хамт олон Иргэний нисэхийн ирээдүйн төлөө бие сэтгэлээ зориулсан алтан үе байсныгдурсч явлаа.

Агаарын хөлгийн хурд, хүч чадал хөгжил дагуулж Хөшигийн хөндийд гэрэл цацруулан төрийн сүлдэт хөлгийн дуу чимээ хээр талыг нойрноос нь сэрээжээ. Шинэ буудлын ашиглалтын өмнөх захиргааны хөтөч тайлбарлагчийн ярианаас энэ буудал Буянт- Ухаагийн нисэх буудлаас олон давуу талтай, онцлогтойг ухаарч явлаа.

Энэ буудал бие даасан дэд бүтэцтэй. Хоёр талаасаа онгоц хөөрч буух гэрэл суултын тоног төхөөрөмжөөр тоноглосон / аэродром/ зурвастай 20 гаруй онгоцны зогсоолтой, жилд гурван сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, буудлын аюулгүй байдал, технологийн шийдэл өндөр тоног төхөөрөмжтэй. Уг барилгын эхний хэсгийг улсын комисс хүлээн авч саяхан нислэгийн зурвасыг хүлээн авсан байна. Бусад бүтээн байгуулалтын ажил 2018 онд дуусч ашиглалтад оруулах гэнэ.

Энэ буудал Төв Азийн зангилаа учраас буудлыг түшиглэсэн дагуул хот сүндэрлэж хотын төвлөрлийг сааруулж эзэнгүй хээр талыг хот суурин байгуулж болохыг тод харуулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ дагуул хотыг хурдны хоёр урсгалтай зургаан эгнээ хатуу хучилттай засмал зам, 170 км урт төмөр замаар холбох эхний ажил нь ид өрнөж байна.

Харин шинэчлэлийн он жилүүдэд нийслэлийн бүтээн байгуулалтын барилга орон сууц хотын төвдөө хэт төвлөрсөн нь уг буудал хотоосоо хол мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Гэхдээ хөрш орнуудын буудлуудтай харьцуулбал тийм их хол биш л дээ.

Аялалд оролцсон нисэхийн ахмадууд зорчигч олны сэтгэлд нийцсэн, олон улсын нисэх онгоцны буудлын шаардлагад хүрсэн бүтээн байгуулалт болж байгаад баяртай байлаа.

Харин хүн амын цөөн, хот суурин алслагдсан орны хувьд олон нийтийн сонирхож байгаа асуудал, түүний дотроос буудлын менежмент, үнэ тариф, үйлчилгээний хураамж төлбөр тооцоо уян хатан, зорчих олны санаа сэтгэлд нийцэж байвал улсын маань хөгжилд хувь нэмэр болно гэж өөр хоорондоо ярилцаж явлаа.

Уулын буга хараад унасан морио мартав гэгч болж цаг үедээ үр дунтэй байсан нисэх буудлыг эзэнгүйдүүлж, ашгийг нь хүртэх газар битгий болгоосой билээ гэж ярилцаж явлаа.

Энэ буудал нисэхийн хөгжилд ялангуяа нисэхийн аюулгүй ажиллагаа, буудлын аюулгүй байдлыг хангах цогцолбор байх ирээдүйтэй. Энэ боломжийг бодит ажил болгох өндөр мэргэжлийн боловсон хүчний асах их нөөцтэй.

Гагцхүү төр засгийн туслалцаа дэмжлэг чухал гэдгийг уламжлан аян замын бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.

Иргэний нисэхийн хүндэт ажилчин Д.Цэнд-Аюуш