02.06

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаагийн 125 насны ойг тэмдэглэж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг, их жанжин Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ойг өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос Тусгаар тогтнолын ордонд “Мөнхөд дурсагдах гавьяатан” үзэсгэлэнг зохион байгуулж, Н.Янжмаагийн нэрэмжит “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Уг аяныг нийслэл, 21 аймаг, 330 суманд зохион байгуулах аж.

Мөн Н.Янжмаагийн үйл хэргийн талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээнд мэндэлжээ. Ардын хувьсгалын он жилүүдэд хувьсгалын удирдагч, их жанжин Д.Сүхбаатартай гэр бүл болж, 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллажээ.

Ингэж шинэ цагийн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулах, хөгжүүлэх, олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Янжмаагийн үйл хэргийг мөнхжүүлэх ёстой гэдэг үүднээс МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос мэндэлснийх нь ойг тэмдэглэж уламжлал тогтоод байна. Тэрбээр 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсрол эзэмшсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг болжээ.

Н.Янжмаа УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд УИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд УИХ-ын даргаар сонгогдон 10 сар ажиллажээ. Ингэж дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрсөн байна.

Тэрбээр эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, ,Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашиж байгаад 1962 онд нас баржээ.

Н.Янжмаагийн мэндэлсэн өдөр их жанжин Сүхбаатарын төрсөн өдрөөс дөрөв хоногийн дараа тохиодгоороо онцлог юм.