02.07

Төрийн албан хаагчдын цалинг энэ оны сүүлээр нэмнэ

ОУВС-гийн ажлын хэсэг Засгийн газрын тус сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг гурав дахь удаа дүгнэлээ.

Арваад хоног үргэлжилсэн хэлэлцээний турш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэд хэдэн асуудлыг ОУВС-гаар зөвшөөрүүлж чадлаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын цалинг ирэх онд индексжүүлэн нэмэгдүүлэх тухай шийдвэр юм. ОУВС төсвийн зардлыг бууруулах, аль болох танах зөвлөмж өгдөг ч 192 мянган төрийн албан хаагчийн цалинг энэ оны дөрөвдүгээр улиралд нэмэх саналыг зөвшөөрчээ.

Гэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах замаар нэмэх юм байна. Засгийн газар тогтоол батлан, цалинг хэдэн хувиар нэмэхийг эцэслэн тогтооно.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын байдлаар инфляц 6.4 хувь байв. Монголбанк энэ онд инфляцийн түвшинг 8 хувьд барих амлалт өгсөн юм.  

Эдийн засагч Жэфф Готлибээр ахлуулсан ажлын хэсэг хөтөлбөр амжилттай хэрэгжин, дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн гэж үзэв. Гэхдээ уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнээс шууд хамааралтай Монголын эдийн засагт эрсдэл оршсоор байгааг ч онцоллоо.