02.10

Хүйтний харшлыг хэрхэн эмчлэх вэ

 

Хүний бие организм хүйтэн температурт дасан зохицож чаддаг. Харин зарим хүний биеийн байдал болон дархлаанаас болж зохицуулалт нь алдагдаж, температурын өөрчлөлтийг мэдрэгээр хүлээн авч биед нь зовиур илрэхийг хүйтний харшил гэж үздэг. Мөн төрөлхийн эмзэг арьстай хүмүүс ч хүйтний харшилтай байдаг. Хүйтний харшлын үед нүүр, шилбэ, гарын шуу, сарвуун дээр харшлын шинж тэмдэг хамгийн тод илэрдэг. Жирийн үед хүйтэн агаарт явж багаад дулаан газар орох үед агшсан судаснууд тэлж хүний арьс бага зэрэг улайж, загатнадаг ч 20-30 минутын дараа зүгээр болдог. Харин хүйтний харшлын үед маш хүчтэй загатнаж, шинж тэмдэг нь удаан хугацаанд үргэлжилдэг. Мөн нүд, уруул орчимд хавагнадаг.

Хүйтний харшил нь хэд хэдэн янзаар илэрдэг

-Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнгөтэй тууралт, гүвдрүү гарч маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнана. Халгайнд түлэгдсэнтэй адил шинж тэмдэг илэрдэг байна. Зарим тохиолдолд хүйтний харшилтай хүн нэг аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур хоолой нь хавагнаж гэдэс нь хүртэл өвддөг.

-Хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл илүү хүчтэй болдог ба нүүр, сарвуу, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртөж загатнаж халуу шатна.

-Хүйтэн агаарын нөлөөгөөр хамрын ханиад хүрч, шингэн нус ихээр гарна.

-Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл бий болж нүд улайн нулимс гарч загатнана. Дулаан газар орохоор эдгээр шинж тэмдэг арилдагч гадаа гарахаар ахин сэдэрдэг.

-Хүйтэнд толгой нүцгэн явснаас болж толгой таллаж өвддөг. Хүйтний гаралтай толгой өвдөлт нь дулаан газар орохоор арилдаг.

-Хүйтний нөлөөгөөр мэдрэлийн ёзоор үрэвсэх үед нуруугаар хатгаж өвдөх зовиур бий болно. Дулаан хувцас өмсөөгүйгээс болж ууц нуруу даарч өвдсөн бол халуун хоол, цай идэх, халуун устай ваннд орох, халуу оргиулах үйлчилгээтэй тос түрхэж болно.

-Амьсгаа боох: Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшдаг бөгөөд дулаан газар ормогч хэвийн болдог. Тиймээс гадуур явахдаа ам, хамраа сайтар боож явах хэрэгтэй. Харшил нь багтраа зэрэг бусад харшилтай хавсарч хүндрэх тохиолдол бий.

Хүйтний харшлыг гэрийн нөхцөлд эмчлэх

-Хүйтэнд дасна гэж байдаггүй болохоор хүйтний харшилтай хүн сэрүүн улиралд гадагш гарахдаа аль болох дулаан хувцаслаж байх нь чухал. Гадагш гарахаас хагас цагийн өмнө чийгшүүлэх нөлөөгүй хамгаалах тос түрхэх хэрэгтэй.

-Ханаагүй тосны хүчил омего-3 аар баялаг оливийн, эрдэнэ шишийн, рапсын тос, тослог өндөртэй загасны мах зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. Мөн А, С, Е, РР амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Хоолоо халуунаар нь идэж, гэрээс гарахын өмнө халуун цай ууж байвал харшил сэдрэх нь бага байдаг.

-Хүйтний харшлаас болж нүүр, чих, гарын сарвуу загатнаж, улайн хуурайшдаг. Энэ үед захын цусан хангамж сайжруулах эм уух, дээрх амин дэмийг өдөр тутамдаа хэрэглэх нь хүйтний харшлаас сэргийлнэ. Гадаа гарахаас 20-30 минутын өмнө мэдрэмтгий эрхтнүүдэд хүйтнээс хамгаалах тос түрхэж, орой унтахдаа чийгшүүлэх үйлчилгээтэй хөөс гель хэрэглээрэй. Учир нь хуурай арьс хүйтэнд мэдрэмтгий болдог.   

-Орой ваннд орохоор бол усандаа таван дусал ментолын тосон уусмал, Е витамин, эсвэл оливийн юмуу тоорын тос нэг халбагыг хийж усанд орвол харшлаас сэргийлнэ. Уснаас гарсны дараа биеэ хуурай болтол арчилгүйгээр хөнгөн арчаад тос түрхвэл сайн.

-Загатнах үед гааны, нарсны, эфирийн тостой усанд орвол хурдан намдана. Мөн цагаан, цайвар цэнхэр, ногоон гэсэн тайвшруулах өнгөтэй хувцас өмсвөл загатнах нь багасдаг.

-Хоолны халбаганы 1/3 хэмжээтэй хүнсний содыг аяга халуун усанд уусгаад арьсаа арчих аль эсвэл зуун настын шүүс, ментолын уусмал, Е витамины уусмалаар арчиж болно.

Эдгээр эмчилгээг хийгээд тус болохгүй бол харшлын эмчид хандаж эмчийн зааврын дагуу эм уух нь зүйтэй.

Ес эхэлж агаарын температур нэмэгдэж байгаа энэ үед хүйтний харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол дулаан хувцаслах явдал. Иймээс харшлын зовиурыг дахин мэдрэхийг хүсэхгүй байгаа бол өөрөө өөртөө анхаарал тавиарай.