Эмэгтэйчүүдээ би магтмаар санагдана,
Эрхэмсэг, эгэлгүй гэдгийг сануулан бичмээр бодогдоно
Хэлбэр галбираа гээх, хэтэрхий их өвдөлт, урагдалт язрал, урсах цус, айдсыг даван гарах чадал эмэгтэй хүнд л бий
Эмэгтэй хүн эр хүнийг бүтээсэн, эр хүний чанар эмэгтэй хүний дотор бий
Зүтгэвэл тэр хааны дайтай хатан байж чадна,
Зүглэвэл тэр зүгээ алдахгүй сум байж мэднэ
Хайрлавал тэд хайтан ягаан цэцэгс шиг булбарай,
Хатуурхвал тэд өргөсөө үл нуух хар бас цагаан сарнай
Гар хуруугаа үрчгэр болтол өөд уруугүй зүтгэж чадна,
Гайхамшигтай хэнийг ч сөхрөөх үзэсгэлэн гоо байж бас дөнгөнө
Үзэсгэлэн гуагаа гайхуулах үед үүлтэй тэнгэр цэлмэн гийж, үдшийн гялаан харц унаган хорогдоно
Эмэгтэй хүн ийм л ертөнц...
Сүүгээрээ тэр амьдралыг эхлүүлж, эхлүүлсэн амьдралаа эцэс хүртэл нь хайраараа тэжээдэг
Бурхдын эх байж буцах замыг ч тэд л гэрэлтүүлэн гийгүүлж чаддаг
Нулимстай гэнэ,... нулимсаараа тэд нуруу дутуу тавиланг
аргадан зөөллөж өгдөг юм
Эрх танхи гэнэ,...эрх танхи зангаараа эр хүний зүрхийг уяраан хөглөж энэ гаригт үлдэх эгэлгүй сайхныг ойлгуулдаг юм
Уяхан туяхан гэнэ,..уран бийр шиг амьдарч,
урсах амьдралын будгийг гэрэлт өнгөөр тодруулдаг юм
Их зантай гэнэ...их зан эрхэмсэг төрхөөр эгэлгүй шидтэн,
энэ дэлхийн эхлэл гэдгээ ямагт сануулан гайхуулдаг юм
Эмэгтэй хүн ийм л ертөнц...
Х.ДУЛАМСҮРЭН