Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжлүүллээ. Энэ нь Төрийн тэргүүний иргэдтэй уулзаж буй 11 дэх аймаг юм. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болж буй уулзалтад Шаамар, Орхонтуул, Баянгол гэх мэт олон сумаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, санал бодлоо хэлэх гэсэн иргэд олноороо ирсэн байна.
Манай орны газар тариалангийн талбайн дийлэнх хэсэг нь энэ аймгийн Орхон Сэлэнгийн савд төлөвлөрсөн байдаг юм. Дунджаар улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг ч 2017 онд улсын нийт үр тарианы 63.9, төмсний 26.7, хүнсний ногооны 39.7 хувийг тус тус энэ аймгийн тариаланчид тарьж ургуулжээ. Мөн 2017 оны сүүлчээр 1.5 сая мал тоолуулж, аж үйлдвэрийн салбарт 305.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 394.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын долоон дүүрэг, 10 аймагт уулзалт хийгээд Сэлэнгэ аймагт ирж байна. Ажилгүй, ажилтай, бизнесмэн, хөгшид, залуус гээд өөрсдийн хүслээрээ тайзан дээр гарч ирээд санал сэтгэгдлээ хэлж болно. Мөн зааланд та бүхнийг сонсох микрофон ажиллаж байгаа тул иргэд та бүхний асуулт, шүүмжлэл, санал, сэтгэгдлийг сонсоход бэлэн байна” гээд уулзалтыг эхлүүлэв.