УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн, Криминологийн холбоо, Сэтгэл судлалын үндэсний төв, ШУ-ны академийн хамтарсан судалгааны баг 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчаа алсан хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт хохирол нөхөн төлөгдсөн байдал гэсэн асуудлууд дээр 3 том суурь судалгаа хийх ажлыг эхлүүлжээ.
Судалгааны хүрээнд хуучин эрүүгийн хуулиар бусдад учруулсан гэмтлийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилан нэрлэдэг байсан бол 2017 оны 07-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулинд энэ нь хөнгөн хохирол, хүндэвтэр хохирол, хүнд хохирол гэсэн нэр, томъёололтой бол өөрчлөгдсөнөөс үүдэн өмнө нь гэмтлийн зэргээс шалтгаалаад хохирлын хэмжээг хэрхэн, яаж тогтоон барагдуулдаг байсныг судлах аж.
Манай улсад хүний биед учирсан аливаа гэмтлийг мөнгөөр үнэлэх практик байдаггүй бол Барууны зарим орнуудад өөр өөрийн гэсэн тодорхой үнэлгээтэй байдаг байна. Жишээ нь алдартай төгөлдөр хуурчийн гаранд хэн нэгэн гэмтэл учруулсан бол хуулийн дагуу тогтоосон үнэлгээгээр төлбөр төлдөг байна.
Түүнчлэн сүүлийн үед нийгэмд ихээр үйлдэгдэж байгаа насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийг өмнөн хэрхэн шалгаж, шийдвэрлэж байсан, энэ төрлийн хэрэг хэр ихээр гардаг байсан, шалтгаан нөхцөл юунд байсан гэдгийг гаргаж нийгэмд ил болгох үүднээс сүүлийн 5 жилийн байдлаар харьцуулалт хийхээр төлөвлөжээ.