05.15

С.Ганбаатар гишүүн шаардлагынхаа хариуг Сэм Уолшоос 48 цагийн дотор авна гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр “Рио Тинто” группийн ерөнхийлөгч Сэм Уолшт албан шаардлага хүргүүлсэн байна. Тэрбээр “Рио Тинто” компани Монгол Улсын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тооцох аргачлалыг сүүлийн хоёр жилийн хугацаанд ноцтой зөрчин, төсөвт төлөх байсан 50 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээгүй хууль зөрчсөн. Татварын орлогыг дутуу төвлөрүүлэн, санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийн, Монгол Улсын хуулийг зөрчсөөр ирсэн” хэмээн мэдэгдсэн.

 Түүнчлэн С.Ганбаатар гишүүн “Роялти болон түүнийг тооцох татварын аргачлалыг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох татварын журмаар маш тодорхой заасан байдаг. 1990 оноос хойш Монголын бүх компани роялтиг Монгол Улсын хуулийн дагуу төлсөөр байхад,  “Рио Тинто” сүүлийн хоёр жилд Монгол төрийн хуулийг зөрчсөөр байна. Иймд татварын энэ зөрчил болон бусад хууль зөрчсөн асуудлаар “Рио Тинто” группийн ерөнхийлөгч Сэм Уолшийг 48 цагийн дотор хариу өгөхийг хүсч байна” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-гийн ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж, 48 цагийн дотор хариугаа авна хэмээн анхааруулжээ.

С.ТУУЛ