УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн амжилтуудын тухай мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна. Тэрбээр энэ сарын 23-нд Итали улсын Новара хотын “Coccia” театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккогийн дүрийг бүтээсэн. Суут хөгжмийн зохиолчийн гранд буюу агуу хэмээх тодотголтой дууриудын нэг энэхүү бүтээлийг манай улс тайзнаа хараахан тавиагүй байгаа билээ.
Соёлын элч Э.Амартүвшин ирэх сарын 11-нд хойд хөршийн Их театрын тайзнаа бас нэгэн нэр хүндтэй шагнал гардаж авахаар болжээ. Энэ нь ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй олон байгууллага хамтран санаачилж, “Роснефть” компани санхүүжүүлэн, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан олгож байхаар түрүү жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Браво” шагнал юм.
Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнаж байх уг шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж. Тухайлбал, уран бүтээлчийн цомгийн борлуулалт, тоглосон жүжгийн тасалбарын борлуулалт зэрэг үзүүлэлт онцгой байр эзлэх гэнэ.
“Браво” шагнал гардуулах ёслол хоёр үдэш дараалан болох юм байна. Эхнийх нь ирэх сарын 10-нд Кремлийн ордонд болох бөгөөд энэ нь нийтийн хөгжмийн шилдгүүдийн цугларалт, гала тоглолт байх бол ёслол дараагийн орой Их театрт үргэлжилж мэргэжлийн хөгжмийн шилдгүүд буюу хөгжим, дуурь, балетын урлагийн “аварга”-уудыг шагнаж олон улсын урлаг соёлын амьдралд түүх болох гала тоглолт зохион байгуулах ажээ.
Оросын хэвлэлүүдэд бичиж буйгаар “Браво” шагналыг Орос орны зүрх Москваг дэлхийн соёлын төв байлгах зорилгын хүрээнд бий болгосон байна. “Браво” шагнал гардуулах ёслолыг Оросын болоод гадаадын 150 мэдээллийн хэрэгсэл сурвалжилж мэдээллийг дэлхий нийтэд түгээх ажээ.
Дуурийн өлгий оронд сүр дуулиант “Набукко” дуурийн гол дүрд монгол дуучин дуулж, ийм тансаг зарын гол дүрийн уран бүтээлчдийн манлайд нэр нь заларч байх өдөр XXI зууны 18 дугаар онд тохиодог л юм байна.
Дэлхийн дуучин Э.Амартүвшиндээ “Виртуозо академи”-ийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Р.Оюунжаргал