03.06

ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвийн батламжийг гардууллаа


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дагуурын ландшафт, Данжуурын гэрэлт хөшөө, Уул овоо тахих Монгол зан үйл хэмээх гурван өвийн батламж гардуулах ёслол өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Уг ёслолыг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар нээж ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Уул овоо тахих Монгол зан үйл болон Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн Данжуурын гэрэлт хөшөөний батламжуудыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад, Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Дагуурын ландшафтын батламжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд болон батламжуудын хувийг холбогдох байгууллагуудын төлөөлөгч нарт гардуулсан юм.

Батламж гардуулах ёслолын үеэр гурван өвийг бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн судлаачид өвүүдийн танилцуулгыг олон нийтэд хүргэлээ.
Мөн тус комиссын 55 жилийн ойг тохиолдуулан "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбоогоор дамжуулан энх тайвныг тогтоох, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, соёл хоорондын яриа хэлэлцээг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах" ЮНЕСКО-ийн эрхэм зорилгыг улс орон даяар хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн ЮНЕСКО-ийн Үндэсний элч өргөмжлөлийг ЮНЕСКО-ийн дэргэдэх Байнгын төлөөлөгч асан доктор Х.Бэхбат, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цахилгаан, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан,МУСГЗ, доктор, профессор Н.Уртнасан нарт гардуулав. 

"ЮНЕСКО-ийн Үндэсний элч" өргөмжлөлийг энэ жилээс эхлэн гардуулж байгаагаар онцлогтой юм.