05.15

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд MIT-тэй хамтарна

Монгол Улсын БСШУЯ, Массачусетсийн технологийн институт /МIT/-тэй  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийг төлөөлж Гадаад харилцаа, хариуцсан захирал Бернд Виддиг нар уг санамж бичигт гарын үсэг зурав. MIT нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг 2012-2014 онд гурван жилийн турш тэргүүлж буй юм. Одоогоор MIT-д  Монгол улсаас нийт 15 оюутан суралцаж байна.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Өнөөдөр MIT-ийн төгсөгчдийн байгуулсан 25.800 компанид 3.3 сая хүн ажиллаж байна. Тус компаниуд нэг жилд 2 их наяд долларын орлого оруулж байгаа нь дэлхий дээрх 11 дэх хамгийн том эдийн засагтай улстай тэнцүү юм. Энэ бол мэдлэгийн эдийн засгийн гайхамшиг, үр дүн. Мэдлэг шингэсэн бизнес өнөө үеийн орлого олох гол боломж гэдгийг эндээс харж болно. Мэдлэгийн эдийн засагт тулгуурлан мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал бид дэлхийн зах зээлд гарч чадна. MIT-тэй хамтарч ажилласнаар бид дэлхийд тэргүүн эгнээнд байгаа судалгаа, шинжилгээний ажилд хамтран ажиллах боломжтой” гэв.

Талууд хамтарсан судалгаа хийх, инноваци, энтерпренерийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, профессорууд харилцан сургалт арга зүйн чиглэлээр хамтран ажиллах, МIT-д Монгол Улсын их, дээд сургуулиудын профессорууд зочин багшаар ажиллах, хот төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлаар сургалт, симпозиум зохион байгуулах зэргийг тусгажээ.

Хамтын ажиллагаа ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.