03.12

Уулзах уу гэх болгонд чинь...

Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас

Уулзах уу гэх болгонд чинь
Үгүй гэсээр атал
Урам чинь яагаад хугардаггүй юм бэ

Урьж залаад гуйх бүрт чинь
Зугтсаар атал
Уур чинь яагаад хүрдэггүй юм бэ

Халгаж ирэх тоолонд чинь
Хариултгүй орхисоор атал
Харц чинь яагаад унтардаггүй юм бэ

Болгоноо гэх хичээнгүй өдрүүдийг
Мохоосоор атал
Бодол чинь яагаад хувирдаггүй юм бэ

Сэрүү таттал хэлдэг үгэнд минь
Сэтгэл чинь яагаад хөрдөггүй юм бэ
Зүс барайтал догширдог аашинд минь
Зүрх чинь яагаад үхдэггүй юм бэ

Шалтаг олоод ухрах бүрт
Шантрах үе байдаггүй гэж үү
Дуу ч гарахгүй хоцрох тэвчээрт чинь 
Дундрах үе байдаггүй гэж үү

Турьхан цээжинд чинь багтрах хайр
Тулгатай гал шиг ил, илчтэй бол
Хөндий цээжинд минь тогтсон мөсийг 
Хөх дөлөөрөө хайлуулж өгөөрэй … <3 <3 <3

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.01.31-нд