03.13

Гэрийн нөхцөлд үсэнд тэжээл өгөх маск өөрсдөө хийцгээе

Хүйтэн сэрүүний улиралд таны үс малгайнд дарагдаж гандаж гундаад, хуурайшч байгаа биз дээ. Тэгвэл эдийн засаг болоод цаг заваа хэмнэж хэрхэн энгийн аргаар үсээ арчлах аргыг танд хүргэж байна. Өвлийн улирал болон хаврын улиралд хүний үс ширүүн салхи, шуурга, нарны хэт ягаан туяа, тоос, бохирдол зэргээс шалтгаалж ихээхэн гэмтэж хуурайшч тэжээл, амин дэмээр дутдаг байна.  Тиймээс үсэнд хэрэгцээтэй амин дэм, тэжээлийг өгөхийн тулд дараах маскыг хийж туршиж үзээрэй. 
1. Өндөгний цагааныг ялгаж авна. Өндөгний цагаанд үсэнд тэжээл өгөх протейн, эрдэс бодис агуулагддаг ба үсийг өтгөн, урт болгох ач тустай. Хэрвээ таны үс их хэмжээгээр гэмтэж, салаалсан бол өндөгийг бүхлээр нь хэрэглэж бас болно. Өндөгний шар их хэмжээний уураг агуулдаг тул үсийг сэргээн тэтгэх болно.
2. Өндөгний цагаан дээр 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага оливын тосыг хийж сайтар хутгаж холино.
3. Ингээд хуурай усэндээ уг маскыг түрхэж, хуйханд иллэг хийгээд 1 цаг орчим болсны дараа /Өндгийг бүхлээр нь хийсэн бол 20-30 минут байхад хангалттай./ хүйтэн усаар зайлж, шампунь, ангижруулагчаар угаагаарай.
Ингээд таны үс амь орсон мэт намирч, гялалзаж байгааг та мэдрэх болно. Уг маскыг 7 хоногт 1 удаа хийнэ.