03.13

“Хүч” спорт хороог хүмүүжээгүй хүн даргалж буй гэв үү, ЦЕГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд аа

Л.БЭХ

Цагдаагийн ерөнхий газар дахь халаа сэлгээ савнаасаа хальж,  харъяа газрууд  руугаа оржээ. Харин шинээр ажил, алба авсан хүмүүс нь ааш авир тааруу, удирдах гэхээсээ дарамтлах, сүрдүүлэх “мэх”-тэй дарга нар очсон бололтой. Түүний нэг нь ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт  хороо, доторх толхилцол нь дээд удирдлагуудынхаа чихийг халууцуулаад зогсохгүй, дэргэдэх хүн сонсвол ичиж үхмээр зүйлүүд дуулдаж байна.  Тухайлбал, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн   х/а Д.Батмөнх нь 2016 оны есдүгээр сард тус газарт хоёр  дахь удаагаа томилогдож ирсэн бөгөөд  доод тушаалын офицер, ахлагч нартайгаа зүй бусаар харьцаж, ажлын байрны дарамт учруулаад зогсохгүй  албан тасалгаандаа архидан согтуурдаг. Албан хаагчдаа  хэл амаар доромжлон нэр төрийг нь гутааж, сэтгэл санааны хямралд оруулдаг. Албан  үүргийнхээ  дагуу хийж гүйцэтгэх ажлын талаар санал оруулахад өөдөөс нь салаавч өгдөг,  “гөлөг”, “гичий”, “нохой” гэх мэтээр доромжилдог. Төлөвлөгөөт ажлыг нь  дэмжихгүй, үр дүнг нь бууруулдаг гэхчлэн өргөдөл, гомдол гарах болжээ.

ЦЕГ, түүний харъяа газруудад  ял шийтгэл авч байгаагүй, сахилга бат, хүмүүжлээр манлайлагч тэргүүний ажилтан, албан хаагчид ажилладаг гэж иргэд, олон нийт боддог. Гэтэл  “Хүч” спорт хорооны дарга  албан хаагчдаа өмнөө жагсаачихаад, жагсаал дунд зогсч буй  албан хаагчид руугаа  салаавч өгч  эмэгтэйг нь “ гөлөглөсөн жингэр, орой болгон нөхрөөрөө…” гэдэг,  эрэгтэйг нь гөлөг, нохой, босохоо больсон  …. минь”  гэх мэтээр  харааж загнадаг гэхээр эрүүл хүний ой ухаанд огт  багтамгүй.

“Хүч” спорт хороонд улсдаа гаргасан амжилттай, нэр алдартай олон бөх, аварга, заанууд,  хөнгөн атлетик, бодибилдинг,  тамирчид байсан. Одоо ч зарим нь байгаа. Тив, дэлхийд энх орныхоо далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлж ирсэн, Монголын бахархал,  эрийн  хийморь, тамирчдын манлайлал болсон тэдний зарим нь  даргадаа  “Сахарын өвчтэй  босохгүй болчихсон муу….”, “гөлөг, нохой” гэхчлэн ёс бус үгээр доромжлуулж хараалгаж  загнуулсаар  залхаж ажлаасаа гарсан нь ч цөөнгүй бололтой. Ямартай ч ажлаасаа гарсан хүмүүсийн жагсаалтад   улсын заан Одгэрэл, улсын арслан Мөнхбаатар, дасгалжуулагч ОУХМ Цогтбаатар, Пүрэвсүрэн гээд нэр, төртэй олон сайхан тамирчин байна.

Ажлын байрны дарамтыг бол утгаар нь үзүүлдэг гэсэн яриа албан хаагчид дотор байна.

Төрийн албан хаагчдын ажлын цаг 08:30 –д  эхэлдэг атал  өнгөрсөн оны байдлаар  өглөө бүр 07:50  цагт  цуглуулах шийдвэр гаргаж, үүгээрээ далимдуулан албан хаагчдаа  дарамталан   цалинг нь  хасч, шат дараалсан арга хэмжээг хэрэглэлгүй шууд цалинд нь халддаг байсныг ажилтнуудын зарим  гомдол гаргаж иржээ.  Бичээд байвал, “Хүч” спорт хорооны даргын хүмүүжилгүй авирласан баримтууд дуусахгүй. Доорх хүмүүсийнх нь халаа, сэлгээний  талаарх гомдол  ч тоогоо алдсан бололтой. Харин нийгмийг эрүүлжүүлэх, сахилга батжуулах, хүмүүжүүлэх, гэмт хэрэг гаргуулахгүй байх, иргэдийг хохироосон аливаа асуудлыг таслан зогсоож байх учиртай ЦЕГ-т энэ мэт  хүмүүжилгүй удирдагч, ажлын байрны дарамтлагч дарга  байгааг ЦЕГ-ын удирдлагууд мэдсэн үү? “Шоронжсон” байдалд байгууллагаа байлгаж байгаад, тэнд хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад  анхаарал хандуулсан уу, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  оо?  ХЭҮК хаана юу хийж байна вэ?

Эх сурвалж: https://www.polit.mn/wordpress/?p=33835