Математикийн тогтмол π тооны баярыг дэлхий даяар жил бүр зохион байгуулах болоод удаж байгаа билээ. Тус баярыг гуравдугаар сарын 14-нд буюу π тооны эхний гурван цифртэй ижил өдөр зохион байгуулдаг байна. Хэдийгээр π тоо нь төгсгөлгүй үргэлжлэх иррациональ тоо боловч дэлхий дахинд тус тооны эхний гурван цифр буюу 3.14-ийг хамгийн түгээмэл ашигладаг.
Иймээс π тооны баярын өдрийг гуравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж байх санааг гаргасан байна. π тооны баярын өдрийг хамгийн анх 1988 онд өргөн дэлгэр тэмдэглэж байжээ.
2009 оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Конгрессийн доод танхимын гишүүд 2009 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн жил бүр Үндэсний π тооны баярын өдрийг тэмдэглэж байх явдлыг албан ёсоор баталсан.
2010 оны π тооны баярын өдрийг дэлхийн хамгийн том интернетийн хайлтын систем Google дэмжин ажиллаж энэ өдөр өөрийн лого болон π тооны тэмдэглэгээ бүхий тойргуудаар интернетийг чимсэн байна.