“Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт-2015” ажил хэргийн уулзалт энэ сарын 13-ны өдөр Бээжин хотноо болсон. Энэхүү уулзалтад Монголын талаас 27 ААН буюу “Бармон”, “Стандарт Пропертийз”, “Магма Од”, “Монтэд”, “Назу” групп, “Цагаан хуаран”, “Очирням”, “Электро монсэт”, “Green resource”, “Premier Investment”, “Баганат Өргөө”, “TOB”, “Асар Өргөө”, “Гангар Инвест”, “Баярс”, “Гадаад даян”, “Хас Харш”, “Бэрэн” ХХК-иас гадна Монгол, Хятадын худалдааны MOGUL нийгэмлэг, Хятадын талаас 26 ААН оролцсон байна.
Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжих төлөвлөгөө төслүүдийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллах боломж нөхцлийн талаар санал бодлоо хуваалцжээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, орон сууцны нөхцлийг сайжруулах ажлыг хоёр жилийн өмнөөс эрчимжүүлж эхэлсэн. Улаанбаатарт одоогоор 1500 гаруй га газарт 36 ААН дахин төлөвлөлтийн асуудлаар ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд оролцох ААН-үүдэд нийслэл хотын удирдлагын зүгээс эрхзүйн болон техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Монголын GD корпораци, Хятадын Хэ бэй мужийн JIDD ХХК, Си Ань хотын "China north west architecture design and research institute"-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, барилга бүтээн байгуулалтын чиглэлээс гадна барилгын төхөөрөмж технологийн экспорт, импортын чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ.