Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ яах нь тодорхойгүй, парламентын хаалга давснаасаа хойш сураг чимээ алдарлаа. Мэргэжлийн болон салбарын шилдэгүүдийн баг өвөлжин хаваржин “нухсан” төслийн гэрээг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэмээх “эм зүйч” эмэгтэйгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн нягталж шалгаж байгаа гэхээс цаашгүй. УИХ-ын энэ үйлдэл зүгээр л цаг нөхцөөж, хөрөнгө оруулагчдыг цөхрөөх гэж байгаа юм шиг харагдаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээрээ мэдээлэл хийх үеэр Тавантолгойн төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол зүгээр л гишүүдэд хаягласан хүсэл нь. УИХ-ын гишүүд нь энэ төслийн хувь заяаны талаар Ерөнхий сайдаас асуугаад байгааг харахад одоогоор энэ талаархи мэдээлэл эрхэм гишүүдэд тун бага байгаа бололтой. Ажлын хэсгийнхний зүгээс ч гэсэн хүлээлтийн горимд шилжчихээд хэл ам татлахгүйхэн шиг арга эвийг нь олохоор аргадаж байх шиг.
Тавантолгойг гацаах сонирхол хэнд байгааг иргэд шууд харагдах тэр дүр, мэдрэмжээрээ нэрлэж байна. Юуны өмнө энд Женко, MCS гэсэн хоёр компанийн зөрчил илүү харагддаг. Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг бизнесийн хоёр том компанийн эрх ашиг мөргөлдөх хил хязгаар нь Тавантолгой болчихоод байна. Зөвхөн хоёр компанийн эрх ашгаас шалтгаалан улсын хэмжээний цар хүрээтэй, Монголын эдийн засгийг тэнхрүүлэх тийм том мега төсөл унах сэхэх дээр тулаад байгаа нь манай төрийн сульдааг илүүтэйгээр илтгэн харуулж байгаа нь эмгэнэлтэй биш гэж үү.
Өнөөдрийн хөвөрч буй дүр зургаас харахад Тавантолгойг батлуулахгүй гээд Х.Баттулга ил цагаан яриад байгаа юм байхгүй. Тэгээд ч гэрээ гэхээсээ илүүтэй түнших цэг нь тодорхой, “Энержи ресурс” гэсэн бэлээхэн “хөндүүр цэг” байгаа юм чинь. Түүний хувьд хааяа нэг хүү түлхчихээд сууж байна. Женко, MCS компанийн хувьд хэдэн жилийн өмнөөс л түнжин тааруу ирсэн. Ж.Оджаргал, Х.Баттулга нарын хувьд хэн хэн нь бие биеийнхээ тогоо руу өнгийгөөд байхааргүй Монголын толгой баячууд.
2012 оны сонгуулийн өмнөхөн Х.Баттулга “MCS”-ийг Хятадын компанид 70 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна хэмээн олон нийтэд зарласнаар энэ зөрчил ил болж эхэлсэн. Тодруулбал, Х.Баттулга “Засгийн газраас Ардчилсан намынхан гардаг өдөр ҮЗХ-ны хурал дээр “Энержи Ресурс” 70 жилийн гэрээ байгуулаад ороод ирж байгаа юм. Энэ компанийн /Энержи ресурс/ 70 хувийг хятадууд эзэмшдэг” хэмээн мэдэгдэж байв. Харин үүний хариуд MCS-ийн хувьцааны 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг. “M-Си-Эс” компанид гадны тэр тусмаа Хятадын нэг ч хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байхгүй хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан билээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга тухайн үед “Ихэнх сайд нар энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Бүгдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж л байгаа. Сайд нарын бараг тал нь “MCS”-ийн барьсан байшинд гүйгээд орчихсон” гэж Д.Зоригт Ц.Нямдорж нарыг тухайлан нэрлэж байсан санагдана. “М-Си-Эс” компанийн хувьд харин “өнөөдрийн Засгийн газрын гишүүдээс нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар” мэдэгдэж байсан. Тэр үеэс ингэж эхэлсэн зөрчил одоо ч үргэлжилсээр байгаа нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяа болон илэрч байна гэж харах шалтгаан болж байх шиг.
Тавантолгойн төсөл бол Монголын төрийн хэрэг. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төслөө урагшлуулж эдийн засгаа өндийлгөх нь ард түмнийхээ өмнө хүлээсэн төрийн үүрэг, бас хариуцлага.
Харин үүний нөгөө талд “M-Си-Эс”-ийн хувьд ихэнхдээ “хориглолтод” байж ирсэн дайралтад хариу өгчихөөд чимээ аниргүй байхыг илүүд үзэж байгаа бололтой. Магадгүй тэд цаг нь ирвэл сөрөг довтолгоонд орж болох юм.
Хэрэв Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урагшгүйтэлийг дээрхи хоёр компанийн зөрчил гэж харвал Женко, M-Си-Э”-ийн хооронд “энх тайван” байдлыг тогтоож байж л урагшлах нигуур байна гэсэн үг.
Гэвч шалтаг шалтгаан бүхнийг хоёр компанийн зөрчлөөс хайна гэвэл утгагүй хэрэг болно. Учир нь Тавантолгойн төсөл бол Монголын төрийн хэрэг. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төслөө урагшлуулж эдийн засгаа өндийлгөх нь ард түмнийхээ өмнө хүлээсэн төрийн үүрэг, бас хариуцлага. Энэ үүргээ хэнээр ч заалгахгүй, хэнээс ч хамаралгүй толгой гэдгэр гүйцэтгэх учиртай. Хариуцлагынхаа өмнө чанд хатуу, яг таг байх баймаар санагдана.