Жүжигчин Р.Анхням багадаа олон талын авьяастай хүүхэд байсан гэдэг. Тэрбээр мэргэжлээ сонгохын тулд маш олон дугуйлан секцэнд явж байсан аж. Энэ талаар тэрбээр "Би бүр анхандаа циркчин болно гэж бодож байсан. “Циркт зөөгөөд байсан бол аль нэг улсад нугарчихсан явж байх байсан” гэж ээж маань одоо ярьдаг юм. Тэгж зөөгөөд байх хүнгүй байснаас циркчин байх хүсэл маань замхраад, Спортын төв ордны уран гимнастикт явсан. Бас л өвөл зөөж барих хүнгүй болов. Тэгээд арай ойрхон юм гээд “Хөдөлмөр” нийгэмлэг дээр спортын гимнастикчин болно гээд турник дээр баахан эргэсэн. Тэгээд дүүжлүүр дээр эргэх нь таалагдахгүй болоод, балетчин болох гэлээ. Гэтэл Ленинград руу хүүхэд авахаа больчихсон байв. Тэгээд бүжгийн дугуйланд орлоо. Тэгэж байтал үүшү, каратэ дэлгэрч эхлэв. Үүшү сурдаг хэрэг гээд явж байтал, хажууд нь солонгос багштай таеквондогийн сургалт байхаар нь орчихлоо. Тэгээд бүр шигшигдээд, тусгай суралцагч хүүхдүүдийн нь нэг болов. Тэгж явтал, каратэ мөн сонирхол татав. Хаа очиж, бүгдэд тэнцээд яваад байсан нь суурь сайн, сунгалт сайтай байсных юм шиг байгаа юм" хэмээн ярьжээ.