04.06

”Р.Нямдорж, Д.Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв


Өнөөдөр МҮБХ-ын ээлжит бус “Их эе” хуралдаанаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, Монгол Улсын начин Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. Тэд МҮБХ-ны албан ёсны тэргүүн нь Б.Бат-Эрдэнэ аварга биш “Гацуурт”-ын Л.Чинбат улсын бүртгэлд бүртгүүлж тамгаа авсан талаар мэдээлэв.
 
МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль бусаар хуралдуулсан МҮБХ-ны наймдугаар “Их эе”-ийн тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Тиймээс улсын бүртгэлд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн мэдээлэл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчийн захирамжийг танилцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан Р.Нямдорж, Д.Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн, Н.Ганбаатар болон менежер С.Гантөр нарт замбараагүй байдал үүсгэн хэв журмыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгөхийг хүссэн мэдэгдэл илгээснээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа” гэлээ.

Мөн Оюуны өмч улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Л.Чинбат мөн болохыг баталгаажуулсан баримт нь байна.  Гэтэл гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эл асуудлыг маргаантай хэвээр байгаа мэт үйлдэл удаа дараа гаргаж, хууль бус МҮБХ-ны VIII “Их эе”, Цэцдийн хурал гээчийг хуралдуулж, орон даяар нэвтрүүлсэн нь хууль бус болохыг  мэдэгдэж байна” гэлээ.