05.18

Улстөрчид эдийн засгийн өршөөл нэрээр өөрсдийнхөө бизнесийг аврах гэж байна уу

Сүүлийн үед эдийн засаг хүндэрч, ажил олгогчид, улстөрчдийн гоёчлон нэрлэдгээр баялаг бүтээгчид УИХ-аас Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль батлахыг хоног тоолон хүлээж суугаа гэхэд хилсдэхгүй. Энэ хууль гарснаар өдгөө татварын дарамт, өрнөөс гарна хэмээн бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсээд байгаа юм. Гэтэл энэ хууль нь бодит байдал дээр одоо өртэй байгаа компаниудад өршөөл үзүүлэх биш ирээдүйд болох хэрэгт өршөөл үзүүлнэ гэх мэдээлэл байна.

Ямартай ч АН-ын бүлгээс мэдээлснээр татварын асуудлаар 11 мянга гаруй аж ахуйн нэгж шалгагдаж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжүүд мэдээж дээрх Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийг хүлээж байгаа нь ойлгомжтой. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийн хүрээнд татвар, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ял шийтгэлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох асуудал яригдаж байгаа. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 11 мянга гаруй аж ахуй нэгж бий” гэсэн мэдээлэл өгсөн.

Тэгвэл АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Надад бол 11 мянга гэдэг арай л их тоо юм шиг санагдаж байна. Байгууллага бүр өөр өөр зөрчилтэй байгаа. Хууль ороод ирэхээр ямар зөрчилтэй аж ахуй нэгжийг яаж хөнгөлөх вэ, ямар байгууллага нь хамрагдахгүй вэ гэдгийг нэг бүрчлэн үзнэ. Ажлын хэсэг ч ажиллана. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд энэ хуульд хамааруулахгүй байхаар зохицуулсан” хэмээсэн нь өнөөх өршөөлийн хуулийг хүлээсэн баялаг бүтээгчдийн горьдлого талаар өнгөрөхөд хүрээд байна. Учир нь өдгөө Монголд бизнес эрхэлж байгаа ажил олгогчид нийгмийн даатгалд өртэй гэдгээр шүүх, цагдаад дуудагдаж байгаа нь олон гэхэд хилсдэхгүй. Бодит байдал ийм байхад нийгмийн даатгалаа төлөөгүй байгууллага эдийн засгийн өршөөлд хамрагдахгүй гэж байгаа нь улстөрчид “эдийн засгийн өршөөл” гэх чамин нэрийн дор өөрсдийн бизнесээ аврах санал санаачилга явагдаад байна уу гэж хардахад хүргэж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй юм.

С.ЗАЯА