05.18

Ёкозүна Д.Дагвадорж албан тушаалаасаа огцорч магадгүй

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид саяхан Катарын Доха хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, багаараа дөрөвдүгээр байр эзлэсэн билээ. Гэвч уг тэмцээнд зодоглох ёстой байсан Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нарын тамирчид дасгалжуулагч Д.Баяраагийн хамт Дубайн хилээр нэвтэрч чадалгүй саатуулагдсан юм.

Тэднийг хуурамч визний асуудлаас болж нутаг буцаахаас өөр аргагүйд хүрсэн тул манай баг тамирчид ирэх жил Риогийн Дэлхийн аваргад оролцох боломжгүй болоход хүрэх байлаа. Харин ухаалаг дасгалжуулагч нар нь тамирчдынхаа оронд барилдаж байж гэмээнэ бүтэн багаараа уг тэмцээнд оролцсонд тооцогдож, улмаар дараа дараагийн олимпийн эрх авах тэмцээнүүдэд явах боломжтой болов.

Харин энэ хугацаанд МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон тус холбооны удирдлагуудын хэн нь ч дээрх асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүйгээс үзэхэд хуурамч визний асуудалд тэд өөрсдөө холбоотой болох нь тодорхой байна. Тэр ч бүү хэл, Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан даруй тэнд байсан дасгалжуулагч нар холбооны удирдлагуудтай хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн ярилцлага өгсөн билээ. Энэ нь цаашлаад Чөлөөт бөхийн холбоонд шинэ салхи оруулж, уг хэргийн буруутныг тодруулж улмаар удирдлагуудаа шинэчлэх тухай хэвлэлийн бага хурал зарласан нь байдал хэр зэрэг даамжирсныг илтгэж байна.

Японы сүмод гарамгай амжилт байгуулж, Ёкозүна цол хүртсэн их аварга Д.Дагвадорж нэг хэсэг хэл ам таталж, эцэс сүүлдээ зодгоо тайлсны дараа арга буюу эх орондоо эргэж ирсэн билээ. Тэрбээр ирсэн даруйдаа өөрийн ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МЧБХ-нд шургалах тухай бодож эхэлжээ. Ингээд ээлжит сонгууль болмогц “Гачуурт”-ын Л.Чинбатын оронд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөдрийг хүртэл дээрх албан тушаалыг хашиж иржээ. Түүний хувьд ганц нэг амжилт үзүүлсэн эмэгтэй тамирчдад байр, байшин бэлэглэсэн болохоос биш эрэгтэй тамирчдаа ер хүн гэж үздэггүй, аливаа урамшуулалд огт хамруулдаггүй талаар тус холбооны дасгалжуулагч нар дуу нэгтэй өгүүлж байгаа юм.

Нэг хэсэг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцруулах тухай хэвлэлийн бага хурал хийлгэж байсан Д.Дагвадорж өнөөдөр өөрөө МЧБХ-ны ерөнхийлөгчийнхөө суудал дээр хэр удаан тэсэж үлдэх бол гэсэн асуулт урган гарч ирж байна. Холбооныхоо ажлыг сайн хийж чадахгүй байж дээгүүр, доогуур зарга хийж гүйдэг нь түүний нэр хүндэд ч сөргөөр нөлөөлжээ.
Ямартай ч МЧБХ-ны тамирчид болон дасгалжуулагч нар удирдлагуудтайгаа нэг мөр тооцоо бодож, нэхий дээлээ уралцахаар болсон сурагтай. - See more at: http://www.wikimon.mn/content/61456.shtml#sthash.VpXgyJXO.dpuf