04.12

Өдөрт хэр калоритой хооллох ёстойгоо мэдэх үү


Манай нэг найз бүсгүй байдаг юм. Тэр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа байнга л калорийг нь харж, аль болох их калоритой зүйл худалдаж авахгүй байхыг хичээнэ.

Калорийн тухай яриа
Өдөрт өөрийнхөө идсэн зүйлсийн калорийн хэмжээг байнга шахуу тооцож суудаг юм. Түүнээс ер нь калори гэж юу болох тухай асуухад тэр өөдөөс минь гайхсан байдалтай харснаа учиргүй их инээж билээ. Яагаад гэвэл тэр ингэж их калоритой “хөөцөлддөг” хэрнээ түүнийхээ тухай тодорхой хариулт хэлж чадахгүй байсан юм. Ингэхэд ер нь калори гэж юу юм бол?

Калори гэдэг бол нэг ёсондоо ЭНЕРГИ юм. Хамгийн амархан тайлбар бол калори нь таны биеийн түлш гэсэн үг. Хэрэв энэ байхгүй бол таны зүрх цохилохгүй, уушги болон тархи бусад эд эрхтнүүд чинь ажиллагаагүй болно гэсэн үг.

Ерөнхийдөө насанд хүрсэн хүний нэг өдөрт авах ёстой хамгийн бага калорийн хэмжээ 1400 байх ёстой. Дунджаар эмэгтэй хүнийх 2000, эрэгтэй хүнийх 2400 байна. Калорийн тусламжтайгаар хүний биеийн бодисийн солилцоо хэвийн явагддаг. Гэтэл биед төдийлөн хэрэгцээтэй бус, тэгсэн хэрнээ маш өндөр калоритой хүнсний бүтээгдэхүүн их байдаг. Түүнийг бид өөрийн мэдэлгүй өдөр тутмын хэрэглээндээ хавчуулсаар л байдаг.

Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдэд давсалсан самар, шарсан төмс, чихэр, шоколад, түргэн хоол зэрэг ордог. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээгдэхүүнээс багахан идэхэд л өдөрт авах ёстой калорийн чинь хагасаас илүү хувийг дүүргэчихдэг гэсэн үг. Эдгээр нь хоол болохгүй, гэдэс дүүргэхгүй хэрнээ маш өндөр калоритой байдаг. Тиймээс бид хэрэгцээт бус илүүдэл калорийг байнга авч байдаг. Тэр нь хүний биед яваандаа өөхлөлт болж хувиран таргалалтын эх үндсийг тавьдаг байна.

Калори ба жин нэмэх тухай
Шатаагдаагүй 3500 калори 420 гр жин нэмэгдүүлдэг. Чи жингээ хэвийн хэмжээнд барихын тулд өдөрт 2000-аас ихгүй калори авч байх ёстой гэж үзье. Чи Мокка уух маш дуртай. Дээр нь багахан ванила түрхчихвэл бүр ч янзтай. Гэтэл 1 аяга Мокка уухад 500 калори нэмэгддэг. Энэ сайхан зуршлаа чи өдөр бүр хэрэгжүүлээд л байвал 7 хоногийн дотор жин чинь бараг хагас кг-аар нэмэгдэнэ гэсэн үг. Чи өдөр бүр хангалттай хөдөлгөөн хийдэг бол энэ чамд нэг их хамаагүй л дээ.

Калори ба жин хасах тухай
Өдөрт авч буй калорийн чинь хэмжээ 2000. Жингээ тогтмол барихын тулд өдөрт 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм. Хэрэв өөрийгөө өдөрт энэ зэргийн хөдөлгөөн хийдэггүй гэж үзэж байвал нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж жингээ барьж чадна. Харин өдөрт дор хаяж 500 калор шатааж байж долоо хоногт дунджаар хагас кг-аар турах боломжтой.

Та хэдий чинээ их хөдөлгөөнтэй байна төдий чинээ илүүдэл “түлш”-ээ шатааж байна гэсэн үг. Тиймээс турахыг хүсэгчдэд хөдөлгөөнтэй байж илүүдэл калороо шатаахыг зөвлөдөг. Хамгийн зөв хооллолт нь калори багагтай, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Уураг нь цатгалан мэдрэмжийг удаан барьдаг. Тиймээс хар мах, өндөг, загас, бяслаг, давсгүй үр самар зэргийг турах гэж байгаа хүмүүст зөвлөдөг.

Өдөр ирэх бүр өөрчлөгдөж буй их хотын завгүй амьдрал биднийг амьдралын буруу хэв маягт сургасаар нэг л мэдэхэд ширээний ард суусан хийлсэн бөмбөгнүүд болгож байна. Эрүүл чанартай хоолноос -хурдан хямд хоолыг, алхахаас-машинд түгжирч цагаа үрэхийг, шатаар өгсөхөөс- лифтээр явахыг илүүд үзэж байна. Энэ бүхний бамбайг “яарч байна” гэсэн үгээр халхавч хийдэг. Гэтэл үнэндээ энэ яаруу амьдрал бидний эрүүл мэндийг өдөр ирэх бүр сорж байгааг анхаарах хэрэгтэй юм шүү.