05.18

“Мяралзаа” ХХК-ны жолооч зорчигчоо гэмтээжээ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа  хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. 

Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар нь зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдлөөд явах тохиолдол цөөнгүй гардаг. Дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг,  бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох  зэрэг зөрчил гаргаснаас болж зам тээврийн осолд нийтийн тээврийн автобусны жолооч нар ихээр холбогдож байна.

 Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Дарь эхийн зам, 33-ын буудлын замд “Автобус-3” ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч А нь зорчигч 14 настай эрэгтэй Ж-г, Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, Чулуун овооны Цагдаагийн постын баруун замд “Мяралзаа” ХХК-ны  Х-Аеро Сити маркийн автобусны жолооч  Н нь зорчигч 69  настай эмэгтэй Ц-г  унагаж гэмтээсэн байна.

Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нь хамгийн их хариуцлага, дэг журамтай байх ёстой. Учир нь өөрөөсөө гадна олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж явдаг учир замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлэн аюулгүй байдлыг сайтар хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн бусад жолооч нарт үлгэр дуурайлалтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Иймд энэ асуудал дээр нийслэлийн Тээврийн газар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна.