Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн залуус бусдыг өдөн хоргоон зодоон үүсгэж, улмаар амь насаа алдсан хэргийг цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчиллаа.
Тодруулбал, Хохирогч Н нь энэ сарын 14-ний шөнийн 04:00 цагийн орчимд дөрвөн найзын хамт Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах нэгэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарч явах үедээ үл таних гурван залуутай маргалдан, зодолдоход тэдгээр залуус автомашинд сууж зугтсан байна. Гэвч Н нар нь тэдний араас такси хөлслөн хөөж, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт очсон байхад нь гүйцэж, дахин зодоон үүсгэсний улмаас Н-ын амь нас хохирсон, түүний найз Г нь биедээ хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагааг гурав хоногийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж ажилласнаар уг хэргийг Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилжээ. Шалгалтын явцад сэжигтэн А нь мэсний зүйл ашиглан хохирогч Н-ийн тархинд гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баар цэнгээний газрууд болон шөнийн цагаар үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхээс татгалзах, тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байхыг анхааруулж байна.