МУГЖ, Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар урлагийн үлгэр жишээ хосуудын нэг. Тэгвэл оюутан цагтаа ханилж, нэгэн салбарт ажиллаж байгаа тэд удаан хугацаанд харилцаагаа хэрхэн хадгалж ирсэн бол. Энэ талаар МУГЖ Г.Урнаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн үед залуу хосуудад ажиглагдаж байгаа зүйл бол хоорондын харилцаа байхгүй болж. Бидний үед ухаалаг гар, утас компьютер гэгч зүйл байгаагүй учраас ширээ тойроод өдөр болсон явдлаа нэгэндээ ярьж өгч, хэрэгтэй цагтаа бие биедээ зөвлөдөг байсан. Харин одоо энэ халуун дулаан уур амьсгал үгүй болсон юм шиг санагддаг. Ямар сайндаа л тог тасарсан чинь гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ, сонирхолтой хүмүүс байдаг юм байна гэсэн ёгт яриа гарч байх вэ дээ. Энэ хүмүүст онигоо мэт санагддаг боловч бодит зүйл шүү дээ. Би Жагааг утас бариад суучихаар яасан юм бол, сонирхолгүй, уйдаад байгаа юм болов уу гэж бодоод “ингэе, тэгье” гэсэн санал санаачилга гаргадаг. Нэг нэгнийгээ татаж чаддаг авъяастай л байх хэрэгтэй юм уу даа. Тэгэж байж эрч хүчтэй амьдарна. Бас бие биедээ буулт хийж сур. Хоёулаа асаад байвал амьдрал сүйрнэ. Ялангуяа эрэгтэй хүн уучлалт гуйж сурах хэрэгтэй. Эр хүний уучлаарай гэдэг ганцхан үг эмэгтэй хүнийг 1000 өдөр жаргалтай явуулдаг юм шүү" хэмээн захижээ.