04.25

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд:
09:00 цагт Багшийн хөгжлийн ордонд "БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлэг болно. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд оролцоно. 

09:00 цагт  “ХОЛИДЭЙ ИНН” зочид буудал, их танхим "Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал" болно. Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурлын зорилго нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах зорилгоор бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн олон улсын сайн туршлагаас суралцаж, санал солилцох, мэдлэгээ хуваалцах, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоход нэгдсэн ойлголтод хүрэхэд оршино. Тус хурлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, сайн туршлага, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн орны жишээн дээр харьцуулан судласан илтгэлүүд танилцуулагдана.  Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн асуудал, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд байгуулагдсан Аргачлалын ажлын хэсгийн судласан бүсчилсэн хөгжлийн арга зүй, аргачлалын талаарх танилцуулга, цаашид хийх ажлуудын талаар илтгэл танилцуулна.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн ДУНД суудлын хуралдаантай. Тус хуралдаанаар УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ. Энэ тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг хэвээр хадгалах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна.

11:30 цагт "Дотоодын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарахад тулгардаг бэрхшээлүүд , түүний шийдэл" сэдвээр "JCI Монгол" олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа. JCI Монгол байгууллага “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” олон улсын үзэсгэлэн худалдааг Монгол Улсад анх удаа зохиох гэж байна. 2018 оны 5-р сарын 02–04-ны өдрүүдэд Монгол, Япон, Хонг-Конг, Солонгос, Тайвань, Итали, Герман, Орос зэрэг улсуудын бизнес эрхлэгч нар ирэх бөгөөд гурав хоногийн арга хэмжээний талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. 

11.00 цагт Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

13:00 цагт МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. 5 дугаар сарын 1-нд болох жагсаалын талаар мэдээлэл хийнэ.