05.18

Дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн үзүүлэлт гарчээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний улиралд 2854.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 119.6 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин оны үнээр 4525.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 390.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар өссөн байна. Үүнд, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 9.2 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 13.1 хувь, үйлчилгээний салбарынх 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.

Мөн ДНБ-ий 4.4 хувийн өсөлтийн 3.3 пунктийг уул уурхай, олборлох салбар, 0.4 пунктийг хөдөө аж ахуйн салбар, 1.7 пунктийг үйлчилгээний бусад салбар хангасан байна. Түүнчлэн ДНБ-д тайлант улиралд эцсийн хэрэглээ 78.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 13.2 хувь, цэвэр экспорт 8.0 хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 0.9 пункт, цэвэр экспорт 19.3 пунктээр өсөж, харин хөрөнгийн нийт хуримтлал 20.2 пунктээр буурчээ.