Нийслэлийн Баянгол дүүргийн III хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нүүлгэн шилжүүлсэн билээ. Учир нь уг байрны ойролцоо 18 давхар барилга барихаар барилгын суурийг ухсанаас үүдэн 16 дугаар байранд цууралт үүсэх нөхцөл үүссэн юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл болон холбогдох байгууллагууд хуралдан оршин суугчдыг ойролцоох зочид буудлуудад тараан байрлуулсан. Тэгвэл энэ сарын 23-нд буюу ирэх бямба гарагт 16 дугаар байрны оршин суугчид байрандаа эргэн орохоор болжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх “Одоогоор 16 дугаар байранд цемент цутгалтын ажлыг хийж байна. Энэ бямба гарагт байрны оршин суугчдыг байранд нь эргэн оруулна” гэсэн юм.