05.16

Дэлхийд өрсөлдөгч монгол брэндийг тодруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.

 Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийлээ.

МУ-ын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, бизнестэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилготой аж.

МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа “Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй ААН оролцож байна. Ихэвчлэн ЖДҮ, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдхүүнээрээ оролцоно. Мөн БНСУ Бүгд найрамдах Унгар Улс, Гонгонк, Макао, Тайвань зэрэг улсуудаас ААН-үүд гоо сайхан, үнэт эдлэл, цахилгаан бараа, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид дэлхийд өрсөлдөх Монгол брендийг тодруулах томоохон зорилго тавьж байна” хэмээлээ.
 
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр “Улаанбаатар хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Үүний 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид. Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад үйлдвэрлэгчиддээ тодорхой шалгуур тавьж, олон нийтэд танилцуулах боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг оролцуулж байгаа. Нийслэлчүүддээ энэ үзэсгэлэнд өргөнөөр оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжээрэй гэж хэлмээр байна” хэмээв.