06.04

Залаат Монголчуудаа сэрээч

Бумба овогтой Баасанбадам  хуудаснаас

Зулгаараа гишгэсэн ядуу байхдаа үмх шороогоо худалдаагүй
Зурмал бурхад шиг хайрхаддаа удмаа даатгасан өвгөдийн
Зуун дамнасан домгийн салхиар буртаг тоос дайж
Зуны нар шиг нутгийн минь голомтыг битгий самар

Завилж суудаг хойморт минь харь хэлтнүүд шулганах вий
Засаг төрийн тамга минь хортны гарт орчих вий
Залуу хойч ирээдүй минь цусаа сэлгүүлж автах вий
Зангараг эрэмбээ гээгээд хараат болж боолчлогдох вий 

Зэгс шуугисан нуур нь ширгэж ан амьтад минь үргээд
Зэлэндээ янцгаах хүлгүүд минь урд зүгийн тоглоом болох нь
Зэсэн шаргал говиудад минь эзэн суусан гадныхан
Зэрэг нэмсэн ноён шиг ямба нь хэтэрч гаарч байна

Зоосоор хэмжиж боломгүй ховорхон нутгийн хаад юмсан
Зогсоогоороо нөхчсөн баатаруудын угсаа залгамж юмсан
Зодоглож бяраа үздэг бөхчүүдийг минь нэг өдөр өмчилчихөөд
Зоригт Монголын эрчүүдээр наадгай хийхээр зэхээд байна

За яахав гэж алгуурлаж байх зуурт
Заяат нутагтаа хүний эрхшээлд орох нээ
Замбуулингаас бид арчигдах болоогүй шүү
Залаат Монгол түмэн минь цусаа буцалгаж сэрээч

Бумба овогтой Баасанбадам 
2018-04-06нд