Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв эсэх талаар манай гадаад бодлого тодорхойлогчид, судлаачид санал бодлоо хуваалцаж байна. Энэ асуудалд эсрэг тэсрэг байр суурь бий. Ингэх нь ч зөв байх. Үндсэндээ анх байгуулагдсан цагаас нь эхлэн ажиглагчийн статустай явж ирсэн Монгол Улсын байр суурийг ахисан түвшинд хүргэнэ гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдлийн дараа ШХАБ-д элсэх асуудлыг тойрсон санал бодол хөвөрч байна.
Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Хятадын Шандунь мужийн Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Үүнээс өмнө бид байр сууриа нэгтгэж нэг шийдэлд хүрэх учиртай байх.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/
ШХАБ анх Төв Азийн өргөн уудам газар нутаг өөрөөр хэлбэл, Евро Азийн төв болсон энэ бүс рүү гадаад орнууудын нөлөөг оруулахгүй байх, хил залгаа орнуудынхаа аюулгүй байдал, терроризмыг зогсоох зорилготойгоор Орос, Хятад хоёр улсын санаачлагаар үүсгэн байгуулагдсан хэмээн судлаачид тодорхойлжээ.
ШХАБ нь 2001 оны зургадугаар сард ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан гэсэн зургаан улсын санаачлагаар Шанхай хотод байгуулагдсан. Өнгөрсөн жил Энэтхэг, Пакистан улс гишүүнээр нэгдсэн бол Афганистан, Беларусь, Иран, Монгол улс ажиглагчийн статустай. Мөн ШХАБ-д элсэх өргөдлөө өгчихсөн Турк, Иран, Швед, Азербайжан, Армени, Камбож, Балба гээд 10 гаруй улс бий.
Олон улсын байгууллага болж байгуулагдсан эхэн үедээ цэрэг, улс төрийн оролцоог чухалчилдаг байсан бол өнөө үед эдийн засаг чиглэл рүү хандаж байна гэж ихэнх ажиглагчид хэлдэг.
Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв гэсэн байр суурийг тодотгох нь
ШХАБ дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Бахтиер Хакимов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Монгол Улс ШХАБ-д элсэх бүрэн боломжтой, бүр тодруулбал сонирхол татаж байгаа орон гэдгийг би хэлмээр байна” гэж байв. Манай хоёр хөршийн зүгээс ч ШХАБ-д элсэхийг шаарддаг гэх мэдээлэл бий.
Монгол Улс тус байгууллагын албан ёсны гишүүнээр элсэх нь тодорхой болж, бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжигдсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа. Харин ШХАБ-д элсэхийн давуу тал, эерэг нөлөө юу вэ. Энэ талаар судлаачид юу гэж хэлж байгааг тодруулж үзье.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, профессор Ж.Баясах “Монгол Улс ШХАБ-д элсчих юм бол гурван улсын хил дагуу аюулгүй бүс болж, хамгийн наанадаж тэд хил дагуу их хэмжээний цэрэг байрлуулахаа больж, орон тоог хасна. Аюулгүй бүс бий болно гэсэн үг” гэжээ. Мөн тэрбээр Монгол Улс ШХАБ-ын гишүүн болчихвол Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд хэрэгжиж эхэлнэ. Гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад гурван тал чухал гэж үзсэн 32 төсөл байгаа. ШХАБ-д элсэхийн цаана Монгол Улсад бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох боломж бүрдүүлж, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг солонгоруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун “Хамгийн ойр нөхөр Оросыгоо бид ардчиллаас болоод олон жил гомдоож итгэлийг нь алдсан. Одоо ШХАБ-д элсэж итгэлийг нь сэргээе. Ингэхгүй бол хамтын ажиллагаа явахгүй. Энэ бол геополитик” гэжээ.
УИХ-ын гишүүн Л.Болд нэгэн цагт Монгол Улсын гадаад харилцааны асуудлыг тэргүүлж байсан. Түүний үзэж байгаагаар “цаашдаа энэ процесст ажиглагчийн байр сууринаас бус чиглүүлэгч, оролцогчийн байр сууринаас хандаж, эрх ашгаа ШХАБ дотор оруулж, идэвхтэй байр сууринаас хандах уу гэдгээ” шийдэх ёстой гээд Монгол Улс ШХАБ-д ороод ганцаардах вий гэсэн болгоомжлол байсан. Энэ бүх сул тал өнөөдөр бүдгэрчихсэн байна гэдгийг сануулжээ.
ШХАБ-д элсэх нь яагаад буруу гэж...
Ийнхүү ШХАБ-д элсэх нь зөв гэсэн байр суурины зэрэгцээ буруу гэсэн санаа оноо илэрхийлэгчид бий. Тэд энэ санаагаа илэрхийлэхдээ чухам юуг иш үндэс болгож байгааг анхаарч үзэх ёстой. Асуудалд ул суурьтай хандаж, зөвхөн өнөөдрөөр бус хожим хойно нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болохыг тэд сануулж байгаа юм. ШХАБ-д түргэн шуурхай элсэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлэгчдийн нэг нь Гадаад хэргийн сайд асан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил билээ.
Тэрбээр ШХАБ-ын одоо байгаа байдал, цаашдаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь бий.
Эрхэм гишүүний хувьд “Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Г.Базарваань “Ер үнэнийг хэлье. Манайхан нэг зүйлийг ойлго. ШХАБ-ыг Та бүхэн саалийн үнээ гэж бодож байна. Үгүй, ШХАБ чинь БУХ шүү дээ” гэж байр сууриа тун товчхон оновчтой илэрхийлсэн байх юм.
Нийтлэлч, судлаач Г.Баярхүү “ШХАБ-ын нэг чухал гол чиглэл бол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц, тэр бүтэц нь “гурван хорт хүчин”-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм гэж заасан бол тэр бүхэн нь Монголд байхгүй, байх ч нөхцөлгүй юм” гэжээ.
ШХАБ ба гуравдагч хөршийн бодлого
Монгол улс хоёр их хөршийн зунд хавчуулагдсан “халиуны зулзага”. Ийм нөхцөлд хэнийх нь нөлөө их байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Харин үүнийг гуравдагч хөршийн бодлогоор тэнцвэржүүлж чадна.
Монгол улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Аль ч талаасаа энэ бол том амжилт. ШХАБ-д элсэх нь энэ гурав дахь хөршийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал үүснэ. Зарим судлаачдын хэлж байгаагаар энэ нь гуравдагч хөршийн бодлогод нөлөөлөхгүй гэжээ. Түүнчлэн Монгол Улсыг ШХАБ-д элсэхийг АНУ зөв гэж дэмжсэн тухай мэдээлэл явж байна.
Г.Хантулга
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/2474be45a