06.08

Сэтгүүлч М.Наранбаатар Б.Чойжилсүрэн гишүүнийг өглөөний цайнд урьжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлч М.Наранбаатар, иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал зарлаж "Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг  “Хурд” групп-д өөрийнхөө гарын үсгээр өгсөн" гэх ноцтой мэдээллийг дэлгэсэн. 

Харин Б.Чойжилсүрэн үүнийг үгүйсгэж,  "НӨАТ-ын 36 тэрбум төгрөгийн буцаан олголт аваагүй, М.Наранбаатар гэх хүн санхүү ойлгохгүй, мэдэхгүй учраас тийм мэдээлэл тараасан" гэх тайлбарыг хийсэн.

Үүнтэй холбогдуулан, М.Наранбаатар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг сэтгүүлчидтэй бас өөртэй нь хамт өглөөний цай уухыг хүссэн байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүктээ нийтэлжээ. 

Тодруулбал, "Чойжилсүрэн гишүүнийг өглөөний цайнд урьсаны дараа ажлын албанаас нь ярьж байна гээд 8011 11.. дугаараас холбогдлоо. 

- Дарга өөрийг чинь ордонд ирж уулзаач ээ гэж байна гэнэ. 

Миний хувьд,- Ордонд уулзаад яахав, надад "хувийн уулзаа" байхгүй, өглөөний цай хамт ууя л гэсэн, газраа товлочихоод өдөр, цагаа хэлье гэлээ...

Энэ бямба гарагт буюу 6-р сарын 9-ний өглөө 9.30 цагаас (Ажлын өдрүүдэд завгүй л гэх байлгүй) хамтдаа цайлъя, Чойжоо гишүүн ээ.

Талбайн зүүн талд "Хөх-Үүр" гээд нэг эвтэйхэн газар байна. Таныг гараар хийсэн боорцог, шинэхэн өрөм гээд "монгол өглөөний цай"-аар дайлъя.

Цайлангаа НӨАТ, татвар гээд бас бус юмны тухай ярилцъя. Надад асуух, тодруулах юм ч байна. (Тэгэхдээ би Тосон бумбын нуруу, нүүрс зөөдөг машин энэ тэр гэж халихгүй ээ).

Таныг хүрэлцэн ирнэ гэж найдаж байна. (Ажлын албаны хүн чинь - Манай гишүүн очино гэсээн гэж хэлсэн шүү).

Сэтгүүлч нөхдийгөө бас өглөөний цайнд урьж байна. Хүрэлцэн ирээрэй...

FB найзууд минь миний энэ постыг эрхэм гишүүн болоод мэргэжил нэгт нөхдөд минь хүргэж туслана уу. Баярлалаа" гэжээ.