06.13

Зургаан хүүхэдтэй аавд байр бэлэглэв


Төрөхийн хүндрэлээр эхнэрээ алдаж, 0-10 насны зургаан хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд туслахаар "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүд хандивын аян өрнүүлжээ.

Улмаар өчигдөр болсон "Гоо ээж 2018" тэмцээний тайзнаа  хоёр өрөө байрны түлхүүрийг Н.Төмөрсүхэд  гардуулан өгсөн байна.
Энэ талаар "Алдарт Эх Цахим Нэгдэл" фэйсбүүк хуудсанд:
 
"Бүсгүй хүн амаржихдаа үхэл амьдралын заагт оршдог гэлцдэг. Б.Наранцацрал маань 35-хан насандаа төрөлтийн хүндрэлээр бурхан болж зургаан бяцхан үрээ үлдээгээд тэнгэрийн оронд одсон. Б.Наранцацрал маань Алдарт эхийн одонтой ээжүүд группийн хамгийн идэвхтэй, бүтээлч, манлайлагч ээжүүдийн тэргүүн эгнээнд зогсдог идэвхтэй гишүүн байсан.  Амьдралд ч гэр бүлдээ ч хайр гэрэлтүүлсэн нарны цацраг шиг сайхан хань, сайн ээж байсан. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, аливаа зүйлд идэвхитэй оролцдог, дөлгөөхөн, даруухан, эелдэг найрсаг зан ааштай, найз нөхөд олонтой, нүдээрээ инээж, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тусалдаг, хэн бүхэнтэй нийтэч ханддаг, сайхан бүжиглэдэг үнэхээр үзэсгэлэнтэй ээж байсан.

Алдарт эхийн одонтой ээж группийнхэн бид Б.Наранцацралын ард үлдсэн хань хүүхдүүдэд нь зориулж "Нарны цацрагууд" сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм. Ээжгүй үлдсэн 0-10 настай зургаан бяцхан үрс нь өвлийн хүйтэнд холоос хичээлдээ даарч хөрөн битгий яваасай, ханиа алдсан аав нь өвөл, хавар, зун намаргүй ус, түлээ зөөж галтай галгүй гэж ардаа санаа зоволгүй ажлаа тайван хийгээсэй, гэсэндээ хүүхдүүдийг дулаахан байртай болгохын төлөө санаа нэгдэн НАРНЫ ЦАЦРАГУУД нэртэй аянаа эхлүүлсэн. 

Энэ аян маань 15-хан хоногт сүүн сэтгэлээр нэгдсэн олон ээжүүдийн бяцхан үрсийг гэх хайр энэрлээр зорилгодоо хүрч чадлаа.

Нарны цацрагууд аян богино хугацаанд зорилгодоо хүрэхэд олон ээжүүдийн сэтгэл зүтгэл нөлөөлсөн бөгөөд тэр дундаас нийт хандивын 25 хувийг бүрдүүлж өгсөн Алдарт Эхийн II одонт ээж Сонсголон бетон зуурмаг ЭДТ ХХК-ний захирал Ж.Одончимэгт болон аяныг зохион байгуулан олон ээжүүдийг нэгтгэн чиглүүлсэн группын админууддаа баярлалаа" гэжээ.