Одоогоос хоёр жилийн өмнө ТҮЦ-ийн эзэн гэх нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдаж билээ. Амьжиргаагаа залгуулж буй ганц зүйлээс нь салгасанд хотын даргад голоо тасартал гомдохдоо ийнхүү амиа хорлохыг завдсан гэдэг. Ганц ТҮЦ-ийн ард хэчнээн хүний амьдрал байгааг бид мэдэхгүй. Түүний ганц сарын орлогоор хэчнээн хүн гэдэс цатгалан, мөр бүтэн явааг ч таашгүй. Гэтэл хотын удирдлагууд байсхийгээд л тэднийг амьжиргаанаас нь салгах шийдвэр гаргадаг нь нууц биш. Үнэндээ хямралд орсон эдийн засгаасаа болж иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтож байгааг захын нэг хүнээс асуухад мэдэж болно. Харамсалтай нь, дайны хажуугаар дажин гэгчээр ядарсан иргэдийнхээ амьдралаар хэнэг ч үгүй тоглодог хурган дарга нар бас байх юм. Үүний тод жишээг Ардчилсан намаас сонгогдсон Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч С.Батцогт нар харуулж байна. Хэрэв уншигчид санаж байгаа бол саяхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхэлдэг иргэдийн төлөөлөл амьдралаа авч үлдэхийн тулд хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж, арга буюу олон нийтэд хандаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр өөрсдийн зовлонгоо тоочиж, дүүргийнхээ Засаг даргыг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн юм.
Хоолных нь мөнгөнөөс салгах шийдвэр гаргасан төр, засагтаа гомдсон ТҮЦ эрхлэгчид хаана, хэнд хандахаа мэдэхгүй хэсэг явжээ. Удаан бодож, төлөвлөсний эцэст хамгийн эхэнд дүүргийнхээ Засаг дарга Д.Пүрэвдаваад хандсан байна. Гэтэл хэн бүхнээс илүү өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах ёстой өнөөх Засаг дарга нь тэдний хүсэлтийг хүлээж авах нь битгий хэл “Дайрч орж ирж дарамталсан” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад тэдний эсрэг гомдол гаргажээ. Ингээд зогсохгүй зарим ТҮЦ эрхлэгчийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, дарамталсан байгаа юм. Хамгийн наад зах нь, тэднийг хэвлэлийн бага хурал хийсэн орой нь Засаг дарга Д.Пүрэвдаваа нар Баянзүрх дүүргийн цагдаагийн I, II хэлтэст “Нэр төрд халдсан” гэх үндэслэлээр дахин гомдол гаргаж, хэрэг үүсгэжээ. Харамсалтай нь, иргэдэд эрх тэгш хандаж, хуулийг чандлан сахих ёстой цагдаа нар хүртэл хэт нэг талыг барьж, Засаг даргынхаа талд үйлчилжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтан, ахмад Төрбат ТҮЦ эрхэлдэг нэгэн бүсгүйг зодож, биед нь гэмтэл учруулсан байна. Энд тэндээ хөх няц болтлоо зодуулсан эмэгтэй цагдаад гомдол гаргасан ч хэргийг авч хэлэлцэхгүй байсаар өдийг хүрсэн аж. Цагдаа нарын танхайрал үүгээр дууссангүй. Зарим иргэний ТҮЦ-ийг нь эвдэж, унаж явсан машиных нь дугуйг хагалсан гээд тоочоод байвал цөөнгүй баримт бий талаар эх сурвалж өгүүлэв. Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах дэслэгч Батмягмар, цагдаагийн ахмад Батдэлгэр болон II хэлтсийн ажилтан, цагдаагийн ахмад Энхсайхан, ахлах дэслэгч Мөнхцэнгэг нар эрх мэдэл, мөнгөтэй хүнийх нь талд үйлчилж байгаад гомдолтой буйгаа ТҮЦ эрхлэгчид хэлж байсан юм.
Гэтэл хуулийг гууль болгож, эрх мэдэл албан тушаалаараа бамбай барьж иргэдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж буй Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч С.Батцогт нар ТҮЦ эрхлэгчдийн эрхэд бүдүүлгээр халдаад зогсохгүй өөрсдийн “шахааны” гэх “МИГ” компанийн 15 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ-ийг худалдаж авахгүй бол зөвшөөрөл өгөхгүй гэж дарамталжээ. Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед тэр их мөнгөөр өнөөх ТҮЦ- ийг нь худалдаж авах иргэн байсангүй. Аргаа барсан тэд стандартын шаардлага хангасан өөр ТҮЦ-ийг зургаан сая төгрөгөөр худалдаж авсан аж. Харамсалтай нь, дүүргийн удирдлагууд “шахааных” нь ТҮЦ-ийг худалдаж аваагүйд уурлаж, өнөөх зургаан сая төгрөгийн үнэтэй шинэ ТҮЦ-ийг нь шөнө дөлөөр үг дуугуй ачиж, Цагаан давааны хогийн цэг дээр аваачиж хаяжээ. Хамгийн х а ч и р х а л т а й нь, тэд үүнийгээ тайлбарлахдаа “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр” гэх хөгийн хариултыг өгсөн байна. Энэ мэт ёс суртахууны доголдолтой, иргэдтэйгээ хуучин цагийн хошуу ноён шиг харьцдаг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч С.Батцогт мэтийн хурган дарга нарт зохих хариуцлага тооцохыг ТҮЦ эрхлэгчид шаардаж байгаа юм.
Б.ТӨРБАТ