"Хөөрхөн" тодотголын эзэн жүжигчин Т.Хулан шүлэг бичих авьяастай гэнэ шүү. Багадаа дуугай хүүхэд байсан түүнийг жүжигчин болсонд арван жилийн ангийнхан нь одоо хүртэл гайхдаг гэнэ. Энэ талаар тэрбээр "Би багадаа их дуу цөөтэй хүүхэд байлаа. Манай 10 жилийнхэн бас ангийн хүүхдүүд маань надтай уулзаад чи яаж жүжигчин болсон юм бэ? Бараг үг дуугардаггүй хүүхэд байсан болохоор чинь бүр гайхдаг юм гэдэг шүү. Би багадаа л урлагт дуртай бас дуулах дуртай хүүхэд байсан. Яагаад тийм дуу цөөтэй хүнтэй түрүүлж мэндэлж чаддаггүй бүрэг охин байсан юм бол гэж өөрөө ч гайхдаг юм аа. Тэгээд миний дуугайхан хийдэг зүйл бол бага сага мөр холбох л дуртай байсан энэ бол олон жил хэнд ч хэлж байгаагүй нууц шүү хэхэ. за ингээд хайрт ээждээ зориулж 2003 онд бичиж байсан хэдэн мөртөө сонирхуулъя.
"Хатан ижий минь "
Хорвоо надад ААВАА... гэж дуудах эрхийг олгоогүй ч гэлээ
Хүний орчлонд буян нь хэтэрхий дэндсэн ээжээр минь шагнасан юм
Заяагаагүй хүний төлөө би шаналахгүй ээ
Зөвхөн эхийгээ хайрла гэж тэнгэр надад тушаасан бололтой
Тэр том даалгаврыг би биелүүлж амжаагүй л явна
Тэнэглэхдээ сэтгэлийнх нь шархыг үе үе хөндөж
Төөрч одсон тэр нэгэн хүнийг хэдэнтээ асууж
Та намайг олгосонгүй гэж ижийдээ л аашлана
Зовлон шаналлаа дотроо нууж амьдардаг хэрнэ
Загнаж зэмлэхдээ хайраа надаасаа нууж чаддаггүй
Улаан цайн миний л буруу байхад
Уцаарласан ч эцэст нь өөрийгөө л буруутгаж суудаг хатан ижий минь
Одоо та минь намайгаа зэмлэ ээжээ
Охиноо гомдоочихвуу даа гэж битгий бодоорой
Орхигдсон он жилүүдийн зовлонгоо умартан
Өнөөдөр та минь жаргах эрхтэй хүн
Хэрвээ охиных нь хүсэл биелдэгсэн бол
Хэнд ч төсөөлөгдөшгүй тийм том алтан суварга босгоод
Таны минь ачлалын хариу энэ ЭЭЖЭЭ гээд
Тэврэхийг тань хүлээгээд л зогсож байх юмсаан ... Хүүхэд байсан болохоор гэнэн ч юм шиг хөөрхөн ч юм шиг ийм нэг шүлгийг хамгийн сүүлд бичиж байлаа" хэмээн дурсамжаа хуваалцаж, нууц авьяасаа сонирхуулжээ.