-Чи миний хувийн эмзэг асуудлын олны өмнө ингэж асуугаад байхдаа яадаг юм.
-Би өөрөөр яаж асуух юм бэ. Асууж байж л тодруулж лавлагаа гаргадаг юм...
Улсын бүртгэлийн лавлагааны ажилтан, үйлчлүүлэгч эмэгтэй хоёрын хооронд ийм маргаан дэгдлээ. Хэн хэн нь мөчөөгөө өгөхгүй гэсэн бололтой хэрүүл нь цаашаагаа нэлээд үргэлжилж, түүгээр нь дэргэд болон хажуугийн цонхонд дугаарлаж байсан улс амныхаа зугаагаа гаргалаа.
Улсын бүртгэлийн газрын иргэдэд төрсөн, гэрлэсэн, салсан, нас барсан, овгоо сольсон гээд л бүхий л төрлийн лавлагаа олгодог үйлчилгээний танхим байнга л ачаалал ихтэй байдаг.Улсын хэмжээнд үйлчилж байгаа болохоор ачаалал ихтэй байх нь ойлгомжтой байх.Харин тэр ачааллыг арай өөрөөр зохицуулж болдоггүй юм байхдаа гэх бодол тэр танхимд орох тоолонд өөрийн эрхгүй бодогдоно.Өнөөдөр бүртгэлээс лавлагаа авч байгаа хүмүүс социализмын үеийн махны оочер шиг урт дараалал үүсгэнэ. “Ард чинь оочер захичихъя” гэхээс эхлээд “Би чиний ард, урд байсан”, “чи надаас хойно ирчихээд миний урд ордог хэн бэ” гэх мэт хэрүүл тасрахгүй. Бас тэр дараалал дунд цүнх, халаас ухчих вий гэж байн байн шалгахаас эхлээд бөөн стресс.Төрийн үйлчилгээ, тэр дундаа иргэний бүртгэлийн үйлчилгээ мэдээлэл технологийн эрин зуунд ийм байж болно гэж үү.Бүх лавлагааг цахимаар өгөх боломжгүй ч гэлээ ядаж дугаарлахдаа хоорондоо “би чи” гэж хэрэлдээд байхгүйгээр зохицуулах боломж байгааг Улсын бүртгэлийн дарга анзаарч, анхаарч үзээсэй.
Өнөөдөр банк, эмнэлэг гээд хаа сайгүй дарааллын машин ажиллаж байна.Үйлчлүүлэгч дугаараа аваад өөрийн дугаарыг зарлахаар ажилтан руу очоод үйлчлүүлнэ.Улсын бүртгэлийн лавлагаа олгодог танхимд дарааллын машин тавьчихаж яагаад болохгүй гэж. Хүлээлгийн танхимдаа хэдэн сандал нэмээд тавьчих, дарааллын машинаар үйлчилдэг системд шилжүүлчих хоёрт дааж давшгүй их мөнгө шаардагдахгүй нь лавтай. Үйлчлүүлж байгаа иргэдийн талаас асуудлыг харах сэтгэл л Улсын бүртгэлийн газрын дарга нарт дутаад байх шиг.Хэрвээ лавлагаа олгодог хэсэг дарааллын машинтай болчихвол хүмүүс тэгж хоорондоо хэрэлдэн уралдан үйлчилгээний цонхны өмнө зогсох шаардлагагүй болно.Бас бүртгэлийн ажилтан үйлчлүүлэгч хоёр нэг нь асууж, нөгөө нь хариулахад өөр бусад хүн анхаарал сарниулахгүй тухтай болно гэхчилэн олон сайн талтай.Ганцаараа цонхны хажууд зогсож байгаа үйлчлүүлэгч наад зах нь цүнх, халаасаа тэмтэрч сандрахгүй.
Орой 17 цаг дөхөөд ирэхээр бүртгэлийн ажилтнууд байн байна босож ирээд тийм хувцастай хүнээр одоо оочер тасласан шүү, ард нь хүн зогсохгүй шүү гэж зарлах аж.Үүнээс болоод бас бөөн хэрүүл маргаан дэгдэх. Бүтэн цаг энд зогсож хүлээж байхад оочерт оруулахгүй гэлээ, аль эрт хаалгаа барихгүй яасан юм бэ гээд л... Хэрвээ дарааллын машинтай бол ийм маргаан бас үүсэхгүй.Оочер таслалаа гэж үйлчилгээний ажилтан хашгирч байхын оронд дарааллын машин зогсоно тэгээд л болоо гэх мэтчилэн хүмүүсийн бухимдуулахгүйгээр асуудлыг шийдчих арга бэлэн байж байна.Лавлагаа олгодог цонхнуудын өмнө хүмүүс хөлсөө цувуулан дугаарлаж байгааг харах үйлчилж байгаа ажилтны сэтгэл зүйд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй нь лавтай.
Төрийн бүх шатанд хүнд суртлыг багасгана, иргэдэд түргэн шуурхай чирэгдэл багатай үйлчилнэ гэж ярьдаг.Улсын бүртгэлийн газар лавлагаа олгодог үйлчилгээндээ дарааллын машины систем нэвтрүүлчихвэл чирэгдэлгүй, бухимдалгүй үйлчилдэг болсон шилдэг жишээ болно.
Д.БИЛЭГ