07.04

Монголбанк Арилжааны банкуудынхаа атганд нь орчихсон юм биш үү

Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тэр утгаараа арилжааны банкуудыг хянаж, шалгаж байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны эрх ашгаа ард иргэдийнхтэйгээ энэ тэнцүүхэн авч үзэж зөв хослуулж чадах тийм банкны тогтолцоог хэвшүүлж тогтоох нь Монголбанкны хэнтэй ч үл хуваалцах үүрэг байх учиртай. Энэ утгаараа "тэнгэрт" бус газарт байж,  иргэдтэйгээ хамгийн ойр байх ёстой байгууллага гэвэл төв банк буюу Монголбанк л гэж хэлмээр байгаа юм.

Арилжааны банкны тухайд иргэдийн бухимдал, хүсэмжлэл аль аль нь бий. Жинхэнэ утгаараа мөнгө хүүлэх тогтолцоо,  систем болж хувирсныг иргэд тухайлбал, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээр жишээлэн ярьдаг. Түүнчлэн зээлийн хүүгийн хамгийн өндөр хувьтай орны нэг нь Монгол. Бүр иргэний дайны хөлд нухлагдсан Афганистан, мөнгөний ханшны уналт, эдийн засгийн доройтлоороо дэлхийд тэргүүлдэг Зимбабве улс Монголоос бага хүүтэй зээлийг иргэддээ олгодог. Арилжааны банкууд дээр жигнэсэн дундаж хүү 28-40 орчим  байгаа гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлдэг. Зээлийн хүү ийм байхад улс хөгжиж, үйлдвэрлэл сэргэж, иргэд баяжих тухай бодохын хэрэггүй. Гэтэл арилжааны банкны энэ өндөр хүүг  өхөөрдөн дэмжигч нь Монголбанк өөрөө болчихоод байгаа юм.  Энэ утгаараа Монголын хөгжлийг чөдөрлөгч нь Монголбанк болчихсон юм биш үү гэж харагддаг нь гашуун ч гэлээ үнэн. 

Ингэж хэлэхийн шалтгаан гэвэл тэр 28-40 орчим хувийн жигнэсэн хүүг Монголбанк 17-18 хувь хэмээн хэнэг ч үгүй ярьдаг. Арилжааны банкуудтай Монголбанк нь үгсэн хуйвалдаж байгаагийн нэг жишээ нь энэ. Үүнийг эдийн засагчдаасаа эхлээд УИХ-ын гишүүд хүртэл олон хүн шүүмжилж хэлдэг.

Хараа хяналтандаа байлгах учиртай арилжааны банкуудтайгаа ийнхүү найрч найзалж, хүзүү сээр холбож байгаагаа юу гэж ойлгоод байна вэ. Бодлогын тогтвортой байдлаа хадгалж байна гэх үү, эсвэл  арилжааны банкуудаа дэмжиж байгаа хэлбэр гэх үү. Зүй нь зөвийг нь дэмжиж, улс эх орон, иргэдийнхээ эрх ашгийг эрэмбэлж дээгүүрт тавих ёстой бус уу. Монголбанкны дуу хоолой энэ өнцгөөс, ийм байр сууринаас дуулдаж, илэрхийлэгдэж байх ёстой биш бил үү. Нийгэнмд бол ийм л хүлээлт, хүсэмжлэл бий. 

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн үеэр Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг УИХ-аар хаалттай хэлэлцүүлж баталсан. Энэ бол мэдээж, Монголбанкны бодлого. Татвар төлөгчдийн мөнгөөр арилжааны банкуудыг дахин санхүүжүүллээ гээд  зээлийн хүү буурахгүй.  Арилжааны банкийг дахин  санхүүлэх асуудлыг ард түмнээсээ нуух шалтгаан юу байв. Олон улсын байгууллагаар арилжааны банкуудад анх удаа активын чанарын үнэлгээ хийлгэсэн, энэ дагуу авч байгаа арга хэмжээ гэж Монголбанкны удирдлагууд энэ хуулиа зөвтгөж байсан санагдана. Гэхдээ Банкны тухай хуульд заасны дагуу активын чанарын үнэлгээ болон бусад хяналт шалгалтын арга хэмжээ авах эрх нь Монголбанкинд байдаг шүү дээ.  Дахин хөрөнгөжүүлэх  шалтгаанаа хожим хойно өөрөөсөө холдуулахын тулд өрөөл бусдаар активын чанарын үнэлгээ хийлгэв үү гэж хардаж хармаар байна.

За яахав, энэ бүхнийг бодлогын асуудал гэж ойлгоё. Харин ард түмний амьдралд шууд нөлөөлж халаасыг тэмтэрч, хоногийн хоолыг нь хайр найргүй хумсалж, эдийн засгийн дөнгөнд оруулж байдаг зээлийн хүүгийн асуудлыг зөнд нь орхимооргүй байна.

УИХ-ын хаврын чуулган зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудлыг авч үзнэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан.  УИХ-д Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл өргөн мэдүүлэгдээд буй. Энэ хууль байнгын хорооны хурал дээр унасан ч чуулганаар дэмжигдээд байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаар гэдэг нь угтаа хүүгийн тааз гэсэн үг бөгөөд хэрэв тогтоосон хэмжээнээс хэтэрвэл мөнгө хүүлэлт болно гэсэн  ойлголт юм. Хуулийн төсөлд зээлийн хүүг буулгаж 17-18 хувиар дээд хязгаарыг тогтоох санал явж байгаа. Харин цалин, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар тусгажээ.  Түүнээс гадна ипотек зэрэг бусад төрлийн зээлийг олгохдоо хүүг дандаа урьдчилж тооцдог ийм жишиг байгаа.  Энэ бол шуудхан хэлэхэд мөлжлөгийн нэг арга, мөнгө хүүлэлт юм.  Тэгвэл энэ хуулинд  үүнийг зогсоох эрх зүйн орчинг тусгасан гэх мэдээлэл бий.

Хэрэв хууль батлагдвал банкны систем эрүүлжих нэг алхам болно. Гэвч ийм хүсэмжлэл банкны салбарт байгаа юу гэдэгт асуудал, эргэлзээ байна.  Мэдээж, энэ хуулийг батлуулахгүй байх, гацаахад арилжааны банкууд лобби хийнэ. Харин энэ бүхний өмнө хууль тогтоогчдоос илүүтэй Монголбанкны байр суурь ямар байх бол гэдэг нь илүү их эргэлзээ. 

Монголбанк  монополдож арилжааны банкуудтайгаа хуйвалдаж хуйрагнах уу. Тэднийхээ /арилжааны банкуудын/ арга эвэнд орж, зээлийн хүүг бууруулах санал санаачлагыг “Зэлтэрийн гацаанд” оруулах уу гэдэг нь сонжиж сонирхох асуудлын нэг байх болно.

Үүнийг ард түмэн харж байгаа. Анхаарч байгаа. Эцэст нь асуухад Монголбанк арилжааны банкуудынхаа альхан талд нь яваад байгаа юм бэ, хэнийх нь үгээр хөдлөөд байна вэ гэсэн эргэлзээнд үйл ажиллагаа, бодлого, үр дүнгээрээ хариулах нь хэзээ вэ.

Г.Хантулга
Эх сурвалж: www.zaluu.com