07.05

Цагаан цахиртын ордод хүмүүсийг цианидаар хордуулсан Батж.Батбаярынхныг нутгийн иргэд дийлэхээ болиод байна


Сайн наймаачин нутагтаа хөрөнгө орууулдаг, муу нь нутгаа юу ч үгүй болтол цөлмөдөг гэлцдэг. Ийм хэлц үгийг дорно, өрнийн олон улс үндэстнүүд өнө эртнээс өнөөг хүртэл хэлэлцэж, хойч үеийнхэндээ сургамжилсаар байна. Монголчуудын хувьд харин сүүлийн хорь гаруй жилийн турш  нутаг усаа хамгийн ихээр цөлмөж тоносон нь илүү сайхан амьдрах мэт хэтэрхий хайр найргүй түрэмгийлж, байгаль дэлхийгээ сүйтгэж, араатан жигүүртэн байтугай амьд хүн тогтох аргагүй болтол элдэв янзын хороор хордуулж байгаа билээ.

Энэ оны гуравдугаар сард Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт байдаг Цагаан цахиртын алтны ордыг эзэгнэсэн, УИХ-ын гишүүн асан, “Молекул” хочит Батж.Батбаярын хүү Б.Баттөрийн  “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гурван хүн цаинид болон тэсэлгээний утаанд хордон азаар амь мэнд гарсан юм. Тэдгээр хордсон хүмүүсийн ар гэрийнхэн сандарч тэвдэн цаг алдалгүй хот руу явуулж эмчлүүлэхээр сумынхаа дарга нарт болсон явдлыг нэгд нэгэнгүй хэлэхэд засаг ноён нь ер тоосон шинжгүй шилбэлзэн “Наадуул чинь цианидаар хордоогүй, тэсэлгээний утаанд жаахан хордсон гэсэн. Тиймээс айх хэрэггүй” гээд цианидын уусмалд хордсон хүмүүсийг нарийн мэргэжлийн эмнэлэг рүү илгээх ямар ч арга хэмжээ авалгүй гурав хоног  саатуулсан байв. Харин сумын эмнэлэгийн эмч нь араа бодоод цианид натрид хордсон хүмүүсийг арга буюу хот руу явуулахаар шийдсэн байжээ.

Тухайн өдөр тус компанийн баяжуулах үйлдвэрт яг ямархуу үйл явдал болж өнгөрсөн бэ гэвэл үйлдвэрийнхээ баяжуулах цехэд Ж.Амгалан, Л.Эрболд гэдэг хоёр залуу ажиллаж байсан юм. Тэр хоёр үдийн хоол ундаа идэж уугаад  буцаж цех рүүгээ  ортол цианидын уусмал хадгалдаг савнаас нь шингэн зүйл халиад шалаар дүүрэн асгарч байжээ. Цианидын уусмал асгарч байгааг анх олж харсан Ж.Амгалан нь шууд гүйж очоод цэвэрлэж эхэлсэн байна. Энэ үед харин Л.Эрболд нь түүнээс арай хол зайтай газар ажиллах хуваарьтай байсан тул өөрийнхөө ажлын байр руу анзааралгүй явж холдсон байлаа. Гэлээ ч гэсэн тэр хоёр хоёулаа тэрхүү савнаасаа хальж асгарсан цианидын уусмалд их бага хэмжээгээр хорджээ. Тэгвэл гурав дахь хүн нь тэр хоёрын ажиллаж байсан цехээс нэлээд хол газарт, тэгэхдээ тэсэлгээний цэгт ойрхон байсан бөгөөд тэсэлгээгээр гарсан утаанд нь хордсон байв.  Харамсалтай нь тэд гурав хоногийн дараа хот руу явж, цэргийн төв эмнэлэгийн хордлогын тасагт хэвтэж эмчлүүлсэн юм. Мөн ажилчид нь тийнхүү цианид натри болон тэсэлгээний утаанд хордоод бие нь тааруухан байхад Батж. Батбаярын хүү Б.Баттөр харин баяжуулах үйлдвэрт цианид натри асгараагүй, хүмүүс цианидаар хордоогүй гэсэн явган яриа тарааж амжсан байлаа. Тиймээс сумын удирдлагууд нь анхнаасаа  буруу зөрүү ойлгож, зарим нь цианидын уусмал асгарсаныг мэдсэн ч гэсэн дээрэнгүй авир араншинтай Б.Баттөрөөс айгаад хэлээ хазан таг чимээгүй сууж байжээ.
Түүнчлэн хэд хоногийн дараа Баян-Овоо суманд хүрч очсон Улсын мэргэжлийн хяналтын байцаагч нар нь ч бас Б.Баттөрийн нөлөөгөөр дүгнэлт гаргахдаа “...“Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн орчны хөрс, усанд цианид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй” гэж бичээд хүний эрүүл мэнд хохирсон талаар ганц ч үг, өгүүлбэр тавиагүй байв. Мэргэжлийн хяналтынхны хэтэрхий нэг талыг барьсан ийм хариуцлагагүй дүгнэлтийг   нутгийн иргэд болон дээрх хордогсдын ар гэрийнхэн огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Яагаад гэхээр хариуцлага муутай инженерүүд, хяналт тавьдаггүй Б.Баттөрийн балагаар технологийн горим алдагдаж, цианидын уусмал их хэмжээгээр хальж асгарсан нь яалт ч үгүй үнэн бодитоор болж өнгөрсөн ноцтой хэрэг байлаа.

Гэтэл Б.Баттөр болон түүний гар хөл болсон хүмүүс сүүлдээ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн Ж.Амгалан, Л.Эрболд нарт хийсэн “...химийн бодисын хурц, цочмог хордлого...” гэсэн  дүгнэлтийг ч бас үгүйсгэх гэж оролдохдоо хамгийн хүндээр хордсон Ж.Амгалангийн цэргийн төв эмнэлэгийн хордлогын тасгийн эмч нарт үзүүлж шинжилгээ хийлгэсэн бичгүүдийг бүгдийг нь хурааж аваад өөрт нь одоо болтол өгдөггүй юм байна. Тэр ч бүү хэл “Энэ хүн цианидаар хордоогүй. Урьд нь архаг хатгалгаатай,  тархины шохойжилттой, сүрьеэтэй байсан хүн...” гэх мэтээр ямарч эмчийн оролцоогүйгээр хөндлөгөөс шууд сайн дураараа оношлон нутгийн иргэдийн дунд түгээдэг болжээ.
Цианидаар нэлээд гүн хордсон Ж.Амгалангийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд урьд нь тэр архаг хатгалгаа, сүрьеэ, тархины шохойжилтоор өвчлөөгүй цоо эрүүл байсан байна. Компанийнх нь удирдлагуудаас түүний эсрэг  тийм увайгүй гүжир гүтгэлэг хийх нь хэрээс хэтэрч буй тул тэр сүүлийн үед “Би ямар ч байсан энэ компанийн захирал Б.Баттөрд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Цаашдаа эмчлэх эмч нараа өөрөө сонгоно. Анх би компанийн эздийн зааснаар явж маш их алдсан юм шиг байна” гэж ойр орчмынхоо хүмүүст ярьдаг болжээ.  Баянхонгор аймгийн нутгаас алт ухаж цулайтлаа баяжихын тулд ийнхүү юу ч хийхээс буцахаа больсон Батж.Батбаярынхан тус сумын газрын хөрсөнд Архангай аймгаас том оврын машинд ачиж авчирсан шлам буюу гар аргаар алт олборлоод гарсан химийн хорт бодистой шороог бөөнөөр нь булах нэрээр баяжуулах үйлдвэртээ оруулан дахин боловсруулж, үлдсэн жаахан алтыг нь ялгаж аваад  эрээ цээргүй хаяж байгаа аж. Байгаль орчныг хүмүүстэй нь хамт ингэж цианидаар хордуулж байгаа Батж.Батбаярынхныг нутгийн иргэд яаж ч эсэргүүцээд тэдний хууль бус тонуул, сүйтгэлийг дийлэхээ больж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод  байна.

О.Баяр

Шуурхай.мн