07.06

Улиастайд үерийн улмаас автозам эвдэрч гүүр нуржээ


Улиастайд хоёр өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас хэд хэдэн газарт үер буужээ.

Тухайлбал долдугаар сарын 4-ны өдрийн аадар борооны улмаас Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдлаар дүүрч Богдын гол руу урсаж аюултай нөхцөл байдал үүссэн байна.

Энэхүү дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 4-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч холбогдох албаныхан шуурхай ажиллаж үерийн голдирлыг өөрчилсөн байна. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын таван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Алтай-Улиастай эрчим хүчний газар, иргэдийн хамтарсан 66 хүний бүрэлдэхүүнтэй баг, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Энэ үеэр үерийн бохир усанд автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн энэ өдөр Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн улсын чанартай А-1103 дугаартай автозамын модон гүүр унаж автомашин зорчих аргагүй болсоныг түр зам гаргаж автомашиныг саадгүй зорчдог болгоод байна.

Мөн Чигэстэй голын эргээр зусландаа буусан хоёр айл, зургаан хүн үерт боогдсон, нийт 37 айл өрх, нэг үйлчилгээний газар үерт автсаныг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон холбогдох албаны 60 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аврах ажиллагаа явуулжээ.

Энэ сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар усархаг бороотой байх тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.