05.20

“Iphone 6”-г радио долгионоор цэнэглэнэ

АНУ-ын “Nikola Labs” компани “Ip-hone 6” ухаалаг гар утсанд зориулсан өвөрмөц гэрийг Нью-Йоркт танилцууллаа. Энэхүү смарт гэр нь радио давтамжийн тусламжтай эрчим хүч хуримтлуулж, дараа нь цахилгаан болгон хувиргадаг байна. Ингэснээр гар утасны батарейны ажиллах хугацааг 30 хувиар уртасгадаг аж. Ухаалаг гэрийг зохион бүтээсэн Вилл Целл “Манай компанийн бүтээсэн энэхүү гэр нь гар утасны технологийн салбартаа анхдагч боллоо. Бид XXI зуунд амьдарч байж XIX зуун шиг цахилгаанд захирагдах нь утгагүй. Иймээс хөдөлгөөнт төхөөрөмжийг орчин үеийн технологийн дэвшилтэй хамтатгах хэрэгтэй. Энэхүү гэр нь хэрэглэгчид гар утсаа радио долгионоор цэнэглэх боломж олгож байна. Бид бүтээлээ цаашид сайжруулах болно” гэж “IBTimes”-т ярьжээ. Уг гайхамшигт гэрийг зах зээлд ирэх жил 99 ам.доллараар гаргахаар төлөвлөжээ.

Х.ЗАЯА