07.18

8 хувийн арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл болжээ


Засгийн газраас хэрэгжүүлдэг ипотекийн зээл буюу орон сууцны 8 хувийн зээл арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл болоод байгаа гэхэд хилсдэхгүй биз. Учир нь орон сууцны зээл авахаар 30 хувийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, авах байраа хүртэл сонгочихсон иргэд мянга, мянгаараа 8 хувийн зээлээс болж гацчихаад байхад энэ хөтөлбөрөөр дамжуулан арилжааны банкууд ашиг олж байна. Тодруулбал, өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тэр дундаа орон сууцны 8 хувийн зээл олгож буй арилжааны банкууд зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч байгаа ч бодит байдал дээр  хүлээлт үүсгэж, цаг хугацаа алдаж байгаа юм. Үүнийгээ санхүүжилтгүйтэй холбон тайлбарладаг. 


Гэтэл үнэхээр санхүүжилтгүйгээс 8 хувийн зээл олгогдохгүй байна уу гэвэл бас ч үгүй бололтой. Эдгээр банк иргэдээс зээлийн материал хүлээн авсан хэрнээ ялгавартай шийдвэр гаргаж байгаагаас санхүүжилт зогсоогүй нь харагдаж байна. Тухайлбал, арилжааны банкуудын төлөөлөл болох “Голомт”, Төрийн банк тухайн банктай гэрээтэй хамтран ажиллаж байгаа барилгын компаниудын орон сууцнаас худалдан авсан иргэдэд 8 хувийн зээл гаргаж байгаа аж. Харин Худалдаа хөгжлийн банк өөрийн санхүүжилтээр баригдсан барилгуудад 8 хувийн зээл олгож байгаа бол Хас банк зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч, “хадгалж” байгаа юм байна. 


Тэгэхээр улсын төсвөөс төсөвлөгддөг 8 хувийн зээлээр хэдхэн арилжааны банк ашиг хийж, үнэхээр орон сууц авахыг хүссэн зорилтот бүлэг “8 хувийн зээл олгоод эхэлчихвэл байртай болно” гэсэн хоосон горьдлого тээн хүлээж сууна. Дээрх арилжааны банкуудаас зээл авсан иргэд сар бүр эргэн төлөлтөө тогтмол хийж байгаа ч үндсэн зээлээс хасагдаагүй хүү л төлж байгаа талаарх бухимдлыг олон нийтийн сүлжээнээс хангалттай уншиж болно. Гэсэн хэдий ч орон сууцтай болох хүсэлтэй бүр 8 хувьд хамрагдчих горьдлоготой иргэд, залуу гэр бүлийн тоо жил ирэх бүр нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй байгаа энэ үед Монголбанкнаас “8 хувийн зээл хэвийн явагдаж байгаа” гэсэн жижүүрийн тайлбар хийгээд суухын оронд дураараа авирлаж, өөрсдийн алдагдлаа нөхөхийн тулд татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байгаа арилжааны банкуудыг хазаарлах цаг хэдийнэ болсон баймаар.


Гэтэл салбарын сайд нь хүртэл үүнтэй эвлэрээд сууж байгаа нь харамсалтай. Учир нь Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжээд хамтран ажиллаж байгаа компанийнхаа барьсан барилгаасаа борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ” хэмээн гоёор тайлбарлаж, өнөөх арилжааны банкуудын толгойг илж байгаа юм. 


Хэдийгээр “Арилжааны банкууд зээл аваад барилга барьж байгаа компаниудыг дэмжиж байна” гэж Х.Баделхан сайд гоёчилж нэрлэсэн ч өнөөх л банкууд өөрийн мөнгөө барилгын компанид зээлээд түүнийгээ буцааж олохын тулд тухайн компанийн орон сууц борлуулагдах үед 8 хувийн зээл гаргаж байгаа нь дэндүү амиа бодсон үйлдэл гэдэг нь ойлгомжтой. Монгол Улсад гадны арилжааны банк оруулж ирэх талаар сүүлийн үед нэлээд яригдаж байгаа ч монополь гэгддэг хэдэн арилжааны банк л үүнийг эсэргүүцдэг. Гэтэл одоо бүр байчихаад төсвийн мөнгөөр өөрсдийн алдагдлаа нөхөж суугаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл биш гэж үү. Үнэхээр 8 хувийн зээлийн санхүүжилт зогссон бол  бүх банк зээлээ зогсооно. Харин цөөн хэдэн банк өөрсдийн харилцаа хамааралтай компаниудын барилгад зээл олгож, алаг цоог үйлчилж байгаагаас үзэхэд 8 хувийн зээл жинхэнэ эздэдээ очихын оронд банкны эздийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болж хувирсан нь илт. 


Үүнээс улбаалаад төр арилжааны банкуудын атганд орчихож гэж ч харагдахаар байгаа нь нууц биш. Тэгэхээр Засгийн газар, Монголбанк, Барилга хот байгуулалтын яам энэ асуудалд анхаарал хандуулж, арилжааны банкуудыг шалгах цаг болсон л байлтай. Ялангуяа “Үндсэн болон хамтан зээлдэгч хоёулаа манай банкаар цалингаа авдаг байх ёстой” гэх мэтийн маш өндөр, нарийн шалгуур тавьдаг “Голомт”, Худалдаа хөгжлийн банк 8 хувийн зээлд түүчээлэн өөрсдөдөө ашиг харж байгааг анхаарах цаг болжээ. Ийнхүү арилжааны банкууд орон сууцны зээл олгосон нэрээр өөрийн алдагдлаа нөхөж, хүүгээр хүү тооцож, мөнгө хүүлж байхад Монголбанк болон салбарын яам чимээгүй хараад суугаад байгаа нь хачирхалтай биш гэж үү.

Үргэжлэл бий... 
Г.НАРАН