268 мянган тонн буюу 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болсон гэх асуудлын цаана хариуцагчаар яригдаж буй нэг тал бол яах аргагүй "Эрдэнэс Тавантолгой” ХК. Иргэн бүр хувьцаа эзэмшдэг энэ компанитай холбоотой асуудлын араас анзааргатай байж, нягтлах нь хэвлэлийнхний хувьд үүрэг гэж болно. Тэгвэл сүүлийн өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай холбоотой мэдээллүүд анхаарлын тэмдэг дагуулж байна. Авлига хээл хахуульд холбогдож, төрийн албыг хувийн өмч мэт ашиглаж буй нөхдүүдийг хумих учиртай АТГ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон удирдлагын багийн нөхдүүдийг шалгах ёстой харагдаж байгаа юм.
Учир нь төрийн мэдлийн тус компанийг удирдаж буй нөхдүүд ард иргэдийн хуруу хумсаа хугалан байж, ёстой л идэх хоолоо таллан байж хураалгасан ТАТВАР-ыг өөрсдийн тансаглалдаа зарцуулж буй асуудал мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Мөн компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гэж нөхөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас цэнэглэдэг, зээлийн кредит картаа албан хэрэгцээнд бус хувь хэрэгцээндээ зарцуулсан тухай баримт дэлгэгдээд байгаа юм.
Тодотгоход, Б.Ганхуяг 2017 онд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үедээ хэрэглэж байсан зээлийн картын хуулгыг нь харахад тэр үнэхээр л түмний хөрөнгийг хувийн мэт санадаг, том толгойтой нэгэн аж. Чухам яахаараа Б.Ганхуяг татвар төлөгчдийн мөнгөөр ECO BEAUTY салоноор үйлчлүүлэх ёстой гэж, яахаараа BUDWEISER BAR-ны тооцоогоо түмний татварын мөнгөөр төлөх ёстой гэж. TERRAZZA, GRAND KHAAN гэхчлэн олон үйлчилгээний газруудад тэрбээр төрийн ажлаа хийж явсан гэж тайлбарлах юм болов уу, ичихгүй.
Одоо Б.Ганхуяг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Өмнө нь тэргүүн дэд захирал байхдаа төрийн мөнгөөр зайдагнадаг байсан хүн одоо гол захирал нь болчихоод хэрхэж байгаа бол. Шалгадаг, хянадаг газар нь байвал шалгамаар байна.
Эргэн санахад, хоёр жилийн өмнө буюу 2016 онд Б.Ганхуяг хуулийнханд баривчлагдаж байсан билээ. Оюутны холбооны ерөнхийлөгч асан Б.Ганхуяг Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө "Монголоо аваръя” эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байв, тэр үед.
Түүнийг баривчлагдсаны дараа Цагдаагийн ерөнхий газраас "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Жагсаалтай холбоогүй” гэдэг тайлбарыг хийж байсан нь, өдгөө ч хэвлэлийн хуудаснаа дурайн үлджээ. Тэгэхээр чухам ямар үндэслэлээр баривчлагдаж байсан нь бүрхэгдүү үлдсэн, нэг ёсондоо намынхаа ах нарын дэмжлэгээр гараад ирсэн Б.Ганхуяг өдгөө "Эрдэнэс Тавантолгой”-г зулгааж идэж явна. Түүнийг Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллах үедээ мөнгө завшсан гэх асуудал яригдаж байсан. Хэдийгээр энэ нь батлагдаж, нотлогдсон нь үгүй ч, "нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ.
"Монголоо аваръя” хэмээн худлаа бархирч яваад баривчлагдсан Б.Ганхуягаас "Эрдэнэс Тавантолгой”-г аврах ёстой юм биш үү, Ерөнхий сайд аа!
Төрийн юм түмнийх. Түмний өмч хэнийх ч биш гэдэг л дээ. Гэхдээ арай ч "Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шиг хувийн зугаа цэнгээндээ цацаад байж боломгүй баймаар. Өлсөж ядарсан хүүхдүүд амаа ангалзуулан гудманд гуйлга гуйж байхад, "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг гэж нөхөр татвар төлөгчдийн мөнгөөр наргиад байж болох уу? Даанч дэндүү зохисгүй биш гэж үү.
"Эрдэнэс Тавантолгой”-н эрээгүй захирал хийгээд удирдлагуудтай холбоотой асуудлаар эргэн мэдээлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ-ын чихэнд хүртэл мэдээлэх нь зүйд нийцэх биз ээ.
Э.БОЛД
ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN