Манай нутагт нэг хууч ярьдаг байлаа. Хуучнаар Түшээт хан аймгийн Ханддорж чин вангийн хошууны Болд тэргүүний отог буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд Бүрхэг Дэндэв гэж бөх байж гэнэ ээ. Өрөөсөн нүд нь жаахан харалган бүрхэг учир Бүрхэг хэмээн авгайлдаг байжээ. Тэрээр монгол бөхийн хавирах, хавсрах мэхэнд гарамгай нэгэн гэнэ. намагтай газар модон гадас, модны ур зоож байгаад байнга өшиглөдөг байж гэнэ. Тэгээд гадасных нь урт улам уртсаад, алд хиртэй гадастай урыг ганц өшиглөхөд суга үсрээд гардаг болжээ. Ингэсээр сая барилдахдаа хавсрах, хавирах мэхээ хийсээр наадмуудад түрүүлдэг болж гэнэ. Нэг удаа Заяын хүрээний наадамд очоод барилджээ. Нутгийн нэг хашир бөх танидаг хүн, наадмаа гадны хүнд алдахгүйн тулд үзүүр түрүүнд үлдсэн нутгын бөхдөө ингэж хэлжээ. "Вангийн хүрээний наад мангар хар чинь маш сайн хавирдаг хүн байна. Орсон буур ч тогтохгүй унах чадалтай юм байна. Нэг гэм нь өрөөсөн нүд нь муу юм байна. Жаргах нар руу нүдийг нь гялбуулаад өрчих. Тэгэхээр хөлөө довны цаана тавьчихаад, хөдөлгөхгүй баглачих. Нүд нь ч гялбана. Тэгээд эцээж байгаад унагаарай" гэж захижээ. Нөгөө бөх ч ёсоор нь нүдийг нь гялбуулаад, хөлөө довны цаана тавьчихаад баглаад барьчихжээ. Гэтэл Бүрхэг Дэндэв гуай довтой юутай хээтэй хавсарчихаад л дэвээд явчихсан юм гэнэ лээ. Тэрэн лүгээ адил энэ хавираа ч түүхэнд үлдэнэ ээ үлдэнэ.
Г.Нямочир
www.zuv.mn