07.27

Усанд автаж, хүний аминд хүрсэн “Ривер гарден” хотхоныхонтой хэн, ямар хариуцлага тооцох вэ

“Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүс болох Богд аан уулын бэл, Туул голын хөвөөнд орших хотхон” хэмээн рекламддаг “Ривер гарден” усанд автаад байна. Энэ талаар ОБЕГ-ын дэд ахлах Д.Самбуу “Ривер гарденд 10-аад насос ажиллаад хүчрэхгүй байна. Хүн ороогүй шинээрээ байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн. Гараашийн тогтоол усанд нь нэг хүн тогонд цохиулж үхсэн байдалтай олдсон. Ус ундарч зарим газраа бүр оргилж гарч байна. Газар доогуур нь гол урсаж байгаа ба цэвэр усны нөөц дээр баригдсан байна. Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдээлсэн. 
Тэгэхээр “Номин” компани хууль зөрчиж цэвэр усны ундарга дээр барилга барьж, улсын онцгой комиссынхон тэрийг нь хүлээж авсан гэсэн үг. Нэг байр нь л гэхэд 500 сая төгрөгөөр худалдаалагддаг энэ хотхоны үнэн нүүр царай ийнхүү ширүүн бороонд танигдаж, шинээрээ хазайлт үүсч эхэлжээ. Айл ороогүй шинэ байрнууд нь хазайлт өгсөн ч нэг дор байрлах бусад байр нь мөн л ийм нөхцөл байдалд байгаа нь мэдээж. Үндсэндээ “Номин”-гийн хариуцлагагүй байдал, чанар стандарт мөрдөөгүй байдлаас болж “Ривер хотхон”-д байр худалдаж авсан иргэд хохирчихоод байна. 
Цаашлаад цэвэр усны ундарга дээр орон сууцны зөвшөөрөл олгосон, хүлээж авсан нөхөд ч үүнд хариуцлага хүлээх ёстой. Ийнхүү тансаг зэрэглэлд багтдаг гэх тэнгэрт хадсан үнэтэй “Ривер гарден”-ы гараашид орсон усыг соруулахын тулд ОБЕГ-ынхан хүн хүч нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд татвар төлөгчдийн мөнгө ч салхинд урсаж байгааг Ш.Баярсайхан гэгч эрхэм мэдэж л баймаар. Муу дээрээ муу гэгчээр нэг иргэн ус зайлуулахаар ороод золгүйгээр тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг ч гараад байна. Дээрх иргэний тухайд гэвэл энэ сарын 25-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ. 
Ийнхүү иргэд эд хөрөнгөөр хохирохын зэрэгцээ эрдэнэт хүний амийг авч одсон “Ривер гарден” хотхон болон тус хотхоныг барьсан “Номин” компанид хэрхэн  хариуцлага тооцохыг олон нийт чих тавин хүлээж байгааг албаныханд дуулгая. 

Г.НАРАН